📅

Цагдаатай маргалдаж шуугиан тарьсан Э.Цэлмэг: Эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулъя гэж таван жилийн өмнө Германаас ирсэн

🕔 2020/11/25 17:17

Энэ сарын 18-нд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Зайсангийн орчимд Э.Цэлмэг гэх иргэнд цагдаа нар албадлагын арга хэмжээ авахдаа хүч хэрэглэн газарт унагаад гарыг нь хойно нь гавлан хүзүүн дээр нь өвдөглөж буй бичлэг цахим орчинд тарсан. Цагдаагийн байгууллага маргааш нь “Цагдаагийн шаардлагыг эсэргүүцсэн, өмнө нь олон удаа зөрчил гаргаж байсан этгээд” гэх мэтээр тайлбар хийсэн.
Бичлэгт Э.Цэлмэгийн гар утсыг цагдаа нар булаан авч, дөрвүүлээ нийлэн хүч хэрэглэн газарт унагаад нэг цагдаа дээр нь суугаад хүзүүн дээр нь өвдөглөж байгаа нь, мөн иргэн Э.Цэлмэг ам руу нь маск ороод амьсгалах боломжгүй байгаагаа илэрхийлж хашгирч байгаа нь, түүний эхнэр хажуунаас нь “Ингэж шаардлага тавина гэж юу байдаг юм. Гэртээ орох гэж байхад ингэж шаардлага тавьдаг юм уу” хэмээн айн сандарч орилж буй нь үлджээ.
Иргэн Э.Цэлмэгтэй холбогдлоо.

-Болсон үйл явдлыг хүмүүс хэт нэг талаас нь харж, таныг илтэд буруутгачих шиг боллоо. Гэвч таны талаас ямар ч тайлбар алга. Хэт нэг талыг баримталсан ийм мэдээлэл нийгэмд тарах нь эргээд хувь хүний, иргэн хүний эрхийг зөрчиж буй ноцтой асуудал болж байна. Иймд та “Өдрийн сонин”-оор дамжуулж үг хэлэх эрхээ эдэлж болно. “Өдрийн сонин” бол хүний эрхийг хөхиүлэн дэмжигч хэвлэл мэдээллийн байгууллага юм?
-Хувь хүний эрхийн төлөө, иргэнээ өмөөрч дуугарч байгаад маш их баярлалаа. Хүний эрхийг хамгаалахын төлөө тэмцэж явж байгаа “Өдрийн сонин”-д баярлалаа. Шалгаж байгаа асуудлаар тайлбар өгч болохгүй гэж цагдаагийн байгууллагаас надад хатуу анхааруулж, сануулсан учраас болсон явдлын талаар болон хэргийн тухай ярих боломжгүй байна. Холбогдох байгууллага нь шийдвэр гаргасны дараа л тайлбар хийж болох юм.
-Болсон явдлын талаар ярихгүй, өөр сэдвээр ярьж болох уу?
-Тэгж бас болохгүй. Цагдаагийн байгууллагын анхааруулгыг хэрэгсээгүй болчихно шүү дээ.
-Таныг нийтээрээ, бүгдээрээ буруутгаж, үзэн ядаж байна. Үүнд цагдаагийн байгууллагаас маргааш нь хийсэн мэдээлэл ч их нөлөөлчих шиг боллоо. Тэр мэдээллээр цагдаагийн байгууллага өөрсдийгөө өмөөрчихлөө. Тэгж мэдээлсэн нь нийгмийг буруу тийш нь хандуулчихсан шүү. Уг нь энэ үед та дуугарвал эрхээ хамгаалахад чухал юм?
-Яримаар байвч цагдаагийн шаардлага биелүүлээгүй гээд дахиад буруутгагдчих вий гэж болгоомжилж байна.
-Энэ бол анхных биш. Өнгөрсөн жил Төв аймгийн Угтаалцайдам суманд цагдаа нар энгийн иргэний амь насыг хөнөөсөн хэрэг одоо ч шүүхийн шатандаа явж байгаа. Иргэний эрх зөрчигдөж байгаа, хувь хүний эрх ашиг ноцтой хөндөгдөж буй асуудалд “Өдрийн сонин” үргэлж иргэний талд дуугарч, иргэний эрхийн талд зогсож, өмөөрч хамгаалсаар ирсэн. Хэрвээ танд тохиолдсон үйл явдал гадны оронд болсон бол юу болох байсан гэж санана. АНУ-д нэгэн иргэнд цагдаа хүч хэрэглээд, албадлагын арга хэмжээ авах үеэрээ хүзүүн дээр нь өвдөглөж, яг тан шиг хашгирч, тусламж гуйсан ч амь насыг нь бүрэлгэчихсэн. Үүнээс болж Америкийн нийгэм тэр даяараа цагдаа нарын эсрэг хөдөлгөөнд нэгдэж, улсаа босгосон шүү дээ. Яг тэр үйл явдал танд тохиолдлоо. Хэрвээ азгүйдсэн бол, бие муутай хүн байсан бол амь насаа ч алдахаар байлаа. Залуу хүн тулдаа амь гарлаа шүү дээ?
-...Ээж минь Германд байдаг. Миний төлөө юу ч хийж чадахгүй байгаадаа хэцүү л байгаа байх (Чимээгүй болов.сурв)
-Олон нийтэд хандмаар, үгээ хэлмээр санагдаж л байгаа байх. Танд ямар хэцүү байгааг маш сайн ойлгож байна?
-Олон нийтэд хандъя гэсэн бодол байгаа.
-Хэрвээ та “Ланд” 200 машин унаагүй, “Приус” машин унаж явсан бол, Зайсанд биш гэр хороололд тэр үйл явдал болсон бол олон нийт таныг өмөөрөх байсан байж магад шүү. Манай нийгэмд баян хүн, өөрөөсөө илүү хүнийг үзэж чаддаггүй гажиг үзэгдэл хавтгайрсныг танд тохиолдсон энэ үйл явдал харууллаа?
-Би залуу хүн. Энэ олон шүүмжлэл, буруу ойлголтод цаг нь ирэхээр тайлбар өгөхийг хүсч байна.
-Та компани удирддаг, нийгэмд тустай ажил олныг хийдэг, олон хүнийг ажлын байраар хангадаг ажил олгогч, баялаг бүтээж буй залуу юм байна билээ?
-Зөндөө ярих юм байна. Намайг мэддэг,анхнаас минь дэмжиж, тавьсан зорилгыг минь ойлгож хүндэтгэдэг маш олон хүн бий. Би гурван сартайгаасаа л Германд амьдарч, таван жилийн өмнө Монгол Улсынхаа бүтээн байгуулалтад гар, бие оролцъё, эх орныхоо хөгжилд иргэн хүнийхээ хувь нэрийг оруулъя гэж том зорилго тээн ирсэн л дээ.
-Баярлалаа.
Энэ үйл явдалтай холбогдуулж Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний комисстой холбогдлоо. “Хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд орсон үед ХЭҮК хөндлөнгөөс оролцох боломжгүй болчихдог. Энэ асуудалд сэтгүүлч хөндлөнгөөс ажигласнаа бичиж болно. Харин манай байгууллага, комиссын гишүүд тайлбар хийж болохгүй” гэлээ. Гэхдээ Э.Цэлмэг болон түүний өмгөөлөгчийн зүгээс Хүний эрхийн үндэсний комисст бичгээр гомдол гаргах юмуу, ямар нэгэн байдлаар хандвал энэ асуудалд тодорхой хэмжээгээр оролцох хувилбар байгаа юм байна.

Өдрийн сонин
скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?