Орон нутгийн сонгуульд оролцох нам, эвслүүд ирэх сарын 16-наас өмнө бүртгүүлнэ
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль аравдугаар сарын 15-нд болно. Шинээр баталсан Орон нутгийн сонгуулийн тухай хуулиар сонгуульд нэр дэвших төрийн алба хаагчид наймдугаар сарын 1-нээс өмнө ажлаас чөлөөлөгдсөн байх ёстой. Төрийн жинхэнэ албан хаагч өргөдлөө гаргаагүй нь тухайн төрийн байгууллага түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй.
Харин орон нутгийн сонгуульд оролцох нам, эвслүүд хүсэлтээ наймдугаар сарын 16-наас өмнө өгөх учиртай. Нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага нь Монгол Улсын Үндсэн хууль, болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, орон нутгийн Хурлын сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны сонгуулийн хороонд өгөх юм.
Мөн тухайн шатны сонгуулийн хороо сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан нам, эвслийг бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ. Түүнчлэн орон нутгийн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана. Бие даан нэр дэвшигч ч энэ хугацаанд хамаарах юм.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих