МАНАН бүлэглэлийн “мөнгө угаагч” О.Цогтгэрэл төрд шургалах уу ?
Монгол Улсад улс төр, бизнесийн томоохон бүлэглэл бий болсон. Тэд аль өнгөтэй өөдтэй бизнесийг булааж, хэрхэн дарамт шахалт үзүүлснээр гартаа оруулдаг талаарх баримт, нотолгоо эхнээсээ ил болж эхэллээ. Тодруулбал, анх “Ice mark” гэх нэртэйгээр зайрмаг үйлдвэрлэж байсан жижиг компани “ТЭСО” групп болтлоо гэрлийн хурдаар томорч, сүүний үйлдвэр бус өдгөө барилгын салбар төдийгүй уул уурхай руу хүртэл хүч түрэн орж ирсний цаана ямар учир байна вэ.
МАНАН бүлэглэлийн мөнгийг угааж, арвижуулсныхаа хүчинд өнөөдрийн “ТЭСО” групп бий болсон талаар товч сайт дөрвөн ч кейсийг дурдан, баримтаар баталгаажуулж, нийтэд цацлаа.
Энэ бүлэглэлийн арга тактик тун энгийн. Эхлээд хууль хүчний байгууллагаар айлган сүрдүүлэх ажиллагаа явуулж, эрхшээлдээ оруулснаар бизнесийг нь булаадаг байна. Жишээлбэл, “Чоно” группийн эзэн Т.Энхболдсодон, “Дорнын говь”-ийн Б.Дэлгэрсайхан, “Тэнгэр холдинг” компанийн Х.Анхбаяр, “Алтан дорнод Монгол”-ын Т.Ганболд зэрэг олон арван бизнес эрхлэгчийг МАНАН бүлэглэлийнхэн дарамталж, эрхшээлдээ оруулж байжээ. Тухайлбал, дээрх компанийн эздийг хоёр сараас нэг жилийн хугацаатай барьж хорьсон жишээ ч бий.
Тэгвэл “ТЭСО”-г томруулах ажиллагаа хэрхэн өрнөсөнтэй танилцъя. “Чоно” группийн эзэн Т.Энхболдсодонг 2013 оны аравдугаар сард АТГ-аас баривчилсан байдаг. Тухайн үед Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж, АТГ-ын дэд даргаар Б.Хурц, Монгол Улсын Ерөнхий прокуророор Д.Дорлигжав, нийслэлийн Засаг даргаар Э.Бат-үүл нар ажиллаж байв. Харин тэдний цаана өнөөх л “сахал” хэмээх Д.Эрдэнэбилэг байсан гэдэг. Эдгээр хүн бол МАНАН бүлэглэлийн гол төлөөлөл. Тэд Т.Энхболдсодонг 14 хоног хорьсны эцэст гэнэт сулласан байдаг.
Ингэхдээ түүний 2011 онд байгуулсан “Ногоон цэцэрлэг жим” компанийг “ТЭСО” группийн Сайнжаргал гэх хүний нэр дээр шилжүүлэн авсан байна. Өдгөө тус компани Сайнжаргалын охин Болорын нэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж. “Ногоон цэцэрлэг жим” компани барилга, хот байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан бол 2013 оны арван хоёрдугаар сарын 3-нд буюу Т.Энхболдсодонг сулласнаас хоёр сарын дараа хотын дарга Э.Бат-Үүлийн захирамжаар Т.Энхболдсодонгийн “Скай парк плаза” компанийн нэр дээр байсан “Маршал таун”-ы хажуу талд байрлалтай 2.1 га газрыг “Ногоон цэцэрлэг жим” компанид шилжүүлэн авчээ. Өөрөөр хэлбэл, гэнэт хоригдсон Т.Энхболдсодонгийн газрыг барилгын зураг төсөлтэй нь хамт МАНАН бүлэглэлийнхэн ийнхүү булааж авчээ.
Өдгөө Т.Энхболдсодонгоос булааж авсан тус газарт “ТЭСО“корпораци тансаг зэрэглэлийн орон сууцны төсөл хэрэгжүүлж эхэлсэн нь анхаарал татна. Тодруулбал, тухайн газарт өдгөө Монголын хамгийн тансаг зэрэглэл, өндөр өртөг бүхий “Скай гарден” хотхоныг барьж байна. 350 айлын орон сууцны ам метрийн үнэ 6-8 сая төгрөг бөгөөд 106-440 ам метр хэмжээнд хэлбэлзэнэ. Ингээд бодохоор тухайн хотхоноос орон сууц худалдан авахад хамгийн дээд үнэ нь гурван тэрбум 200 сая төгрөг болно.Нэг их наяд төгрөгийн өртөг бүхий томоохон төслийг “ТЭСО”корпораци гардан гүйцэтгэж буй түүх энэ. Нэг ёсондоо тэд МАНАН бүлэглэлийн “мөнгийг угаагч” нь “ТЭСО” корпораци болох нь ийнхүү нотлогдож байна.
“ТЭСО” корпораци “сахал”Д.Эрдэнэбилэгтэй хэрхэн холбогддог вэ?
“ТЭСО” группийн хувьцаа эзэмшигч ах, дүү нар МАНАН бүлэглэлийн гар, хөл болох нь энэ хэсгээс илүү тодорхой харагдана. 2011 онд “сахал”Д.Эрдэнэбилэг “Баюуд майнинг” гэх компанийг хэд хэдэн хүнтэй хамтран байгуулжээ. Тухайлбал, тус компанийн хувьцаа эзэмшигчид “Айрон металс”, “Тэсо трейд”, “Импрал майнинг”зэрэг компани багтсан байдаг. Эдгээр компанийн эздийг харвал алдарт МАНАН бүлэглэлийнхэн гарч ирнэ. “Импрал майнинг”компани “сахал”Д.Эрдэнбилэгийнх. Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү Д.Баатар нар “Баюуд майнинг” компанийн хувьцаа эзэмшигч төдийгүй Д.Баатар тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан бөгөөд лицензийн бизнес рүү орсон байдаг. Улмаар тус компани хилийн зурвас дээр хэд хэдэн алтны лиценз авсан байна. Тухайлбал, Дорноговь аймгийн Хөвсгөл, Хатанбулаг сумын нутагт орших Шивээт улаан уулын ар сүүжийн алтны шороон ордынXV 007674 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг дээрх эрхмүүд хамтран эзэмшдэг. Ингэж лиценз эзэмшихэд нөлөөлсөн гол хүмүүсийн нэг нь“ТЭСО” группийн О.Сайнбуян бөгөөд тухайн үед тэрбээр “Эрдэнэс Монгол”-ын захирлаар ажиллаж байсан юм. Харин О.Цогтгэрэл Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байв. Өөрөөр хэлбэл, МАНАН бүлэглэл “Эрдэнэт”-ийн 49 хувийн бүлэглэл болон АН-д шургалсны жишээ энэ юм.Товчхондоо мафижсан МАНАН бүлэглэлийн томоохон төлөөлөл болох О.Цогтгэрэл өдгөө төрд шургалахаар АН-аас Увс аймагт УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрхээ өвөртлөөд байна. Төрд гарч, Монголын ард түмний баялгийг өөрийн гар, хөл бологсдоор дамжуулан булаах оролдлогоо О.Цогтгэрэл УИХ-ын гишүүн болсноор хэрэгжинэ хэмээн төлөвлөсөн бололтой юм.
“ТЭСО” группын бондын дээрэм
АН 2012-2016 онд засгийн эрхийг барьж байхдаа үлэмж хэмжээний мөнгөөр туйлсан байдаг. Үүний нэг жишээ нь олон төрлийн бонд босгосон явдал. Монгол Улс анх удаа олон улсын зах зээлээс таван тэрбум ам.доллар босгохоор төлөвлөсний эхнийх нь “Чингис” бонд. Тэд 1.5 тэрбум ам.долларын өртөг бүхий бондыг олон улсад арилжаалсан байдаг. Энэ мөнгөөр төмөр зам барихаас авахуулаад хатуу хучилттай авто зам, уул уурхайн бүтээгдэхүүн боловсруулах, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”, “Гудамж” зэрэг олон төсөл, хөтөлбөр боловсруулахаар болсон нь АН-ынхан төрийн мөнгөнөөс цавчаа хийх том боломжийг бүрдүүлсэн гэхэд болно. Энэ үед “ТЭСО”-гийн О.Цогтгэрэл Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд энэ боломжоо мэдээж ашигласан.
Монгол Улс 2013 оноос эхлэн жил бүр хуурай сүүний импортын хэмжээг тав, таван хувиар бууруулж ирсэн нь дотоодын үйлдвэрлэгчид төдийгүй иргэдээ бодсон шийдвэр байв. Мөн 2017 онд шингэн сүүний импортыг зогсоосон нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх бас нэг том алхам хэмээн тухайн үеийн эрх баригч АН-ынхан тайлбарлаж байлаа. Энэ тайлбар хэн хүний чихэнд үнэхээр эх оронч сонсогдоно.
Харамсалтай нь энэ эх оронч тайлбарын цаана “ТЭСО” корпораци бондын мөнгийг жинхэнэ утгаар нь угааж байжээ. Тодруулбал, “Чингис” бондын мөнгөнөөс хоногт 100 тонн шингэн сүү боловсруулаад зогсохгүй нэг цагт 500 кг хуурай сүү үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулах нэрийдлээр долоон тэрбум төгрөгийг “ТЭСО” корпораци бондын мөнгөнөөс авчээ.
Гэвч тэд сонгон шалгаруулалтад оролцохдоо амласан шигээ хуурай сүүг халах бус эсрэгээрээ хуурай сүү импортлогч болсон байдаг. Шаардлагатай түүхий эдээ дотоодын үйлдвэрлэгчид буюу малчдаас цуглуулж авахын оронд амар хялбарыг нь бодож жил бүр гаднаас мянга мянган тонн хуурай сүү оруулж ирдэг болжээ. Гэсэн атлаа “Голден милк” хуурай сүүгээ ОХУ-ын Казахстан, Киргиз болон БНХАУ-ын зах зээлд нийлүүлж эхэллээ гэж сурталчилж байсан цаг саяхан. Угтаа тэд хуурай сүүний импортыг халах зорилготойгоор бондын мөнгөнөөс авсан атлаа монгол төрөөс гаргасан шийдвэрийн эсрэг ажиллаж эхэлсэн нь энэ.Төрийн мөнгөнөөс халаасалж, өргөжин тэлж буй“ТЭСО”-гийн үнэн түүх нь. Харин одоо тэд төрийн толгойд гарч, ард иргэдийг хууран мэхлэх замаар шулах их ажилдаа ханцуй шамлан оржээ.
Олны мэдэхээр өдгөө “ТЭСО”-гийн томоохон бизнес нь Сонгинохайрхан 37 дугаар хороонд баригдсан “Содон” хороолол. Тус хорооллыг барьсан газар нь анх “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатынх байсан гэдэг. Тэрбээр “Чингис” бондын мөнгөнөөс 23 сая ам.долларыг ямар ч барьцаа, хөрөнгөгүйгээр зээлж авсан ч өнөөдрийг хүртэл энэ мөнгөө төлж чадалгүй хууль шүүхийн байгууллагын хаалга татаж яваа нэгэн. Барьцаа хөрөнгө, элдэв шаардлагагүйгээр их хэмжээний зээл авч чадсан тэрбээр МАНАН бүлэглэлийн “ТЭСО”-д одоогийн “Содон” хорооллын томоохон газрыг өгчихсөн гэдэг.
“ТЭСО” ЖДҮ хөгжүүлэх сангаас авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулжээ
О.Сайнбуянгийн “Азийн говь” компани. Энэ компани ЖДҮ-г хөгжүүлэх сангаас хоёр ч удаа зээл авчээ. Хувьцаа эзэмшигчид нь өнөөх л О.Сайнбуян,О.Цогтгэрэл нар. Тус компани 2009 оны арван хоёрдугаар сард ЖДҮ-г хөгжүүлэх сангаас 300 сая төгрөгийн зээл авчээ. Мөн 2016 онд О.Сайнбуягийн найзуудын хамт эзэмшдэг “Поликстрал” гэх компаниар ЖДҮ-гийн сангаас хүхрийн хүчлийн үйлдвэр байгуулах нэрээр 600 сая төгрөгийн зээл авч байжээ. Мөн 2018 онд ЖДҮсангаас 650 сая төгрөгийн зээлийг дахин авсан байгаа юм. Зээл авсан даруйдаа буюу 2018 оны зургаа дугаар сарын 11-нд ТОСК-тай 07 тоот гэрээ байгуулан 272 ам метр талбай бүхий таван давхар үйлчилгээний объектын суурийг худалдан авах гэрээ байгуулжээ. Өөрөөр хэлбэл, энэ нь ЖДҮ-гээс авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан гэсэн үг. Тэд ЖДҮ-гээс хэд хэдэн зээл авсан ч ТОСК-оос объект худалдаж авсан нь энэ.
2012-2015 онд ЖДҮ-гээс зээл авсан О.Сайнбуян “Эрдэнэс Монгол”-ын захирлаар ажиллаж байв. Харин О.Цогтгэрэл Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан юм. Үүнээс үзвэл төрийн алба хашиж байсан эрхмүүд давуу байдлаа ашиглан жирийн иргэдэд очих ёстой ЖДҮ-гийн зээлээс дураараа авч байсан нь энэ. Үүнийхээ төлөөсөнд тэд АН-д их хэмжээний хандивыг ч өгдөг байжээ.
Тодруулбал, 2013-2016 оны АН-ын санхүүжилтийн тайланд “ТЭСО”-гийн зүгээс 100 гаруй сая төгрөг хандивлаж байсан баримт бий. Гэхдээ тухайн үед АН одоогийнх шиг горилогчдоосоо 100 саяыг нэхдэггүй байсан ч ТЭСО-гийнхон өгдөг байсан байгаа юм. Түүгээр ч зогсохгүй Ерөнхийлөгчийн сонгуулиар “ТЭСО” АН-д их хэмжээний мөнгө өгч байсан гэх мэдээлэл ч байдаг.
Үүнийхээ төлөөсөнд энэ жилийн УИХ-ын сонгуульд “ТЭСО”-гоос хоёр ч хүн нэр дэвшихээр 100 саяа тушааснаас нэг нь сугарч, О.Цогтгэрэл мандатаа аваад байна. МАНАН бүлэглэл, “Чингис” бонд, ЖДҮ гээд төрөөс хусч болох бүхнийг хуссан “ТЭСО”-гийн босс ийнхүү улс төр шургалахаар зүтгэж эхэллээ.
Дээр дурдсан баримтуудаас үзвэл МАНАН бүлэглэлийн бүх булхай, луйварт “ТЭСО”-гийнхон холбогдсон байгаа юм. Үүнийхээ хүчинд ч өдгөө Увсад нэр дэвших мандатаар шагнуулаад байна. Сүүлийн хоёр удаагийн сонгуульд буюу арваад жилийн турш төрд гарахаар улайран зүтгэж ирсэн О.Цогтгэрэл ба “ТЭСО” корпорацын өдийг хүрсэн түүх энэ. Ямартай ч тэр төрд гарвал МАНАН бүлэглэл улам өргөжиж, хүрээгээ тэлээд зогсохгүй төрөөс хэрхэн “хулгай” хийж болох талаар практик ойлголттой нэгэн төрийн бодлого боловсруулагчдын эгнээнд нэгдэх нь.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих