Шарын гол сумын өвөлжилт хэвийн байна
Дархан-Уул аймгийн Шарын гол сумын өвөлжилт хэвийн үргэлжилж байна гэж аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга н.Оюунтөгс ярилаа.
Энэ жил сумын хэмжээнд 86,7 мянган толгой мал өвөлжиж байна. Тус сумын малчид өвөлжилтэд 8326.3 тн өвс, 1301 тн үйлдвэрийн тэжээл шаардлагатай байгаагаас 6750 тн өвс, 100 тн сүрэл, 800 тн үйлдвэрийн тэжээл тус тус бэлтгэсэн бол сумын аюулгүйн нөөц хадлан, тэжээл бэлтгэх даалгавраар 2000 боодол өвс, 10 тн тэжээл тус тус нөөцөлжээ.
Мал төлөлтийн үеэр өвс, тэжээлийн нөөцийг нэмж бэлтгэх шаардлага байгааг сумын Засаг дарга Д.Амарсанаа хэллээ. Эднийх сумын өвөлжилтийн бэлтгэл хангах 21 ажил хийхээр төлөвлөж малын тарга хүчний үзлэг, хадлан, тэжээл, бэлчээр, усны хүрэлцээ хангамж, өвс, тэжээл татан авалт, отор нүүдлийн зохион байгуулалт, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд тус сумын энэ жилийн өвөлжилт хэвийн явагдаж байгаа юм байна. Сумын төвийг халаалт дулаанаар хангадаг "Дулаан Шарын гол” ТӨХК аж ахуйн нэгж байгууллага, орон сууцуудын дулааныг найдвартай ханган ажиллаж байна.
Б.Норовсамбуу