📅

Монголын нүүрснээс “алтан бороо” асгарах цаг хэзээ вэ

🕔 2017/04/18 10:59

Монголын нүүрснээс “алтан бороо” асгарах цаг хэзээ вэ

 

-Бурхан Австралийг гомдоохдоо  Монголыг баярлуулдаг-

Өчигдөр нүүрсний салбарт хоёр сайн мэдээ ар араасаа дуулдав. Эхнийх нь "Эрдэнэс Тавантолгой” болон "Эрдэнэс Монгол” компани иргэддээ ногдол ашиг хуваарилах тухай  "Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал Г.Ганболдын мэдээлэл. Хэрэв энэ боломж бодит биеллээ олбол  иргэд эх орныхоо баялгаас хувь хишиг хүртэнэ. Эх орны хишиг жинхэнэ утгаараа тэр болно.  Үүний араас коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээлд 314 ам.долларт хүрсэн тухай чих дэлдийлгэм сайн мэдээ байлаа.  Энэ бол сүүлийн зургаан жилийн хугацаанд хүрч буй үнийн хамгийн өндөр түвшин. Өмнөх долоо хоногт тонн нь 300 ам.долларт хүрлээ хэмээн мэдээлж байсан билээ.  Хамгийн сүүлд  буюу одоогоос зургаан жилийн өмнө Австралийн  "Queensland"-д  хар салхи болж уурхай усанд автсаны улмаас  коксжих нүүрсний үнэ тонн нь 330 доллар болж байсан бөгөөд  түүхэн дэх  хамгийн өндөр энэ үнэ Монголд томоохон боломж олгож байв. Австралид 760 сая гаруй ам.долларын хохирол учруулаад байгаа далайн хар салхи нөгөө талдаа зарим нэг нүүрс экспортлогч орнуудад таатай боломжийг авчирлаа. Тэдгээрийн нэг нь Монгол. 

Энэ бол мэдээж сайхан боломж. Гэхдээ боломж ямагт цаг хугацаагаар хязгаарлагддаг, үүлэн чөлөөний нар шиг үзэгдээд өнгөрдөг. Австралийн Каинслэнд мужийг Дэбби хар салхи дайрч, төмөр замын дөрвөн сүлжээг засварлах шаардлагатай болсон. Засварын ажилд наанадаж 4-5 долоо хоног хэрэгтэй гэсэн мэдээлэл бий. Үүнтэй холбоотойгоор тус улсын  экспортлох нүүрс саатсанаас коксжих нүүрсний үнэ сүүлийн хоёр долоо хоногт хоёр дахин өсч байгаа нь энэ юм.  BHP Billiton болон Пийбоди Энержи зэрэг томоохон үйлдвэрлэгчдийн төмөр зам аадар борооны улмаас эвдэрч гэрээгээр заасан хугацаанд нүүрс нийлүүлж чадахгүй болсноо зарласнаас хойш гол худалдан авагч БНХАУ, Япон улс   Монголын хар алтанд хараа саравчлах шалтгаан болж байгаа нь тодорхой. Яагаад гэвэл манай нүүрс  коксжих чанараар сайн, зам харилцаа ойр дөт гэхчлэн давуу байдал бий.

Нүүрс Монголын экспортыг тэргүүлдэг болсоор чамгүй хэдэн жилийн нүүрийг үзэж буй. Монгол нүүрсний нөөцөөрөө дэлхийн 10 баяны нэг. Тэгэхээр гарт байгаа боломжийн нэг нь нүүрс. Тогтоогдоод байгаа нөөцийнх нь хэмжээгээр илэрхийлбэл Монголд 162,3 тэрбум тонн нүүрс байгаа юм байна. Тийм болохоор монголчууд бидний хувьд нүүрснээсээ "алтан бороо” оруулах хүсэлдээ хөтлөгдөж хүлээсээр байдаг. Гэвч хүсэхэд хясна гэгчээр түүхий нүүрсний үнэ тэр бүр санасанд хүрэхгүй байна. Зарим үед бүр гомдмоор үнээр нүүрсээ экспортолж байв.  Нэг талаасаа зах зээлийн араншин, нөгөө талаасаа тухайн үеийн эрх баригчдын урагшгүй байдлаас шалтгаалсан.  Ер нь дэлхий зах зээлд  боловсруулаагүй  түүхий эдийн үнэ их эмзэг  байдгийн жишээ нь нүүрсний үнэ. Уурхайгаас ухаж гаргаад нийлүүлэх, угааж баяжуулаад эсвэл коксжуулаад гаргах хоёрт өдөр шөнө шиг үнийн зөрүү бий. Өртөг шингээнэ гэдэг үнэ шингээж буй хэрэг. Өмнөх засгийн үед нүүрсээ хуурай аргаар буюу элсээр баяжуулах туршилтыг Японтой хамтран хийсэн ч чимээ алдарлаа. Бодвол бүтэлтэй юм болоогүй нь тэр байх. Харин одоо угаах үйлдвэрийн тухай ярьж байна.  ”Эрдэнэс Тавантолгой” ХХК эхний ээлжинд нэг сая тонн нүүрс угаах үйлдвэр байгуулахаар ажиллаж байна. Уг үйлдвэрээ шат дараатайгаар өргөжүүлж, цаашид 20 сая тоннд хүргэх юм. Үйлдвэр байгуулах ажлыг энэ онд эхлүүлэхээр зорьж байна. Энэ 20 сая тонн гэдэг бол одоо экспортод гаргаж нүүрсний хэмжээтэй дөхөж очино. Хэрэв нүүрсээ угаагаад гаргавал орж ирдэг ногоон мөнгөний урсгал нэмэгдэнэ. Энэ хэрээрээ хувьцаа эзэмшигч нийт монголчуудын хувьд ногдол ашиг нь өсөх эдийн засгийн дам дам  хамааралтай. Нүүрсээ угаах аль эсвэл хагас коксжуулаад гаргах нь бидний хувьд бас  цоо шинэ зүйл биш. Учир нь "Энержи ресурс” компани  нүүрсээ угаах үйлдвэртэй, энэ хэрээрээ өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортолдог. Түүнчлэн "МАК” компани  Дорноговийн Элдэвийн уурхайн нүүрсийг хагас коксжуулан гаргаж байсан туршлага бий. 

Монголын нүүрсний гол хэрэглэгчид болох гангийн үйлдвэрүүд үндсэндээ Хятадын зүүн хойт болон зүүн талдаа төвлөрсөн байдаг. Тийм болохоор Монголын коксжих нүүрс тэнд хүрэхэд  төвөг зардал багатай. Одоо тэдгээр үйлдвэрүүд хэрэглээнийхээ тэн хагасыг Австралийн нүүрсээр хангаж байгаа юм.  Мэргэжилтнүүдийн тооцож байгаагаар Австралийн төмөр замын эвдрэл дээрх гангийн үйлдвэрүүдийн 15-20 сая тонн нүүрсийг нийлүүлж чадахгүй саатаж  болзошгүй гэсэн таамаг дүгнэлтийг гаргаад байсан юм. Эдгээр гангийн үйлдвэрлэгчид  үйлдвэрлэлийн хэмжээгээ  2017 онд 50 сая тонноор, 2017-2020 онд (13 дахь 5  жилийн төлөвлөгөө) нийт 140 сая тонноор бууруулах төлөвлөгөөтэй байгаа ч  Монгол Улс, АНУ, Канад, Орос зэрэг улсаас импортлох нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлнэ гэж байгаа ажээ.

Хойрмойгоо дэвсээд хүлээж байгаа том хэрэглэгчтэй зах залгаа оршино гэдэг "бурханы хишиг”. Газрын ойр, танилын хуучны хувьд урд хөршийнхөндөө хэн хэнийгээ бодсон үнэ нөхцөлөөр нүүүрсээ экспортлоод байх боломж бий. Тэр дундаа  Чалкогийн өрийг "цааш нь харуулчихсан” ийм нөхцөлд. Эрдэнэс Тавантолгой ХХК удахгүй урд хөршид нийлүүлэх нүүрсний үнийн саналаар хэлэлцээ хийх гэж байгаа юм байна. Харин тэр үнэд үүлэн чөлөөний энэ боломж хэрхэн тусах бол гэдэгт л  асуудал байна.

П.Булган

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?