Филиппиний ерөнхийлөгч Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлуудыг эзлэхийг тушаалаа
Родриго Дутерте Өмнөд Хятадын тэнгис дэх хүн ам суурьшаагүй арлууд болон шүрэн арлуудыг эзлэн авахыг зэвсэгт хүчиндээ тушаажээ.
Тэрбээр Спратли арлуудад хамгийн ойр байрладаг "Палаван” цэргийн баазад айлчлах үеэрээ "Бидний мэдэлд байдаг хүн суурьшаагүй байгаа тэр газрууддаа амьдарцгаая” гэж сэтгүүлчдэд ярьжээ.
72 настай Р.Дутерте цааш нь хэлэхдээ "Филиппиний тусгаар тогтнолын өдөр буюу ирэх 6 дугаар сарын 12-нд тус улсын хяналтанд байдаг Титу аралд дээр очиж үндэсний далбаагаа мандуулна" гэжээ.
Тэрбээр тус газар албан үүргээ гүйцэтгэж буй цэргийн албан хаагчдад зориулан тэнд хуаран барих бодолтой байгаагаа ч мөн дурдсан байна.
Сүүлийн хэдэн сар Манила болон Бээжингийн харилцааг сайжруулах тал дээр хоёр талууд харилцан адил байр суурьтай байсан боловч Филиппиний ерөнхийлөгчийн байр суурь ийнхүү тодорхой болов.
10 дугаар сард Р.Дутерте АНУ-аас салан тусгаарласнаа зарлаж Хятад улстай харилцаагаа сэргээн Өмнөд Хятадын тэнгисийн маргааныг харилцан ярилцаж шийдвэрлэнэ гэж зарлаж байсан юм. Одоогийн байдлаар Хятад улс Өмнөд Хятадын тэнгист байгаа хэд хэдэн арал түүний дотор 2012 онд Манилийн авсан "Scarborough Shoal” хэмээх арлыг хяналтандаа байлгадаг. Уг арал нь Лузон хэмээх Филиппиний нэгэн арлаас ердөө 230 км /143 бээр/-ын зайтай байдаг ажээ.
Хятад болон Филиппин улсууд маргаантай байгаа усан хилийн түгшүүртэй байдлыг авч хэлэлцэхээр 5 дугаар сард харилцан яриа хэлэлцээ хийхээр төлөвлөөд байна.