Чоно тэжээ!
Зохиолчдын эвлэлд элсэнэ гэдэг айхтар сорилт шалгуур байдаг гэсэн ойлголт бага залуугаас л надад суучихсан байв. "Түдэв гуай роман бичиж байж элссэн” ч гэх шиг. "Түмээ ахыг гурван удаа буцаасан” ч гэх шиг. Сүртэй, сүртэй юм ярьцгаадаг сан.
Харин миний, энэ
байгууллагын гишүүн болсон түүх бол Балжирын Догмид зохиолчийн даналзсан
түүх л байдаг юм.Өргөдлөө бариад удирдах зөвлөлийн хуралдаан руу ортол,
"Батлан даалтаа авчраагүй байна” гэлээ. Зөвлөлийн гишүүн Догмид тэр
цаанаас:
-Аюурзана даруу болохоороо өдий болтол элсээгүй яваа. Батлан даалт хэрэггүй, шууд л элсүүлье! гэж мундагдав. Дарга:
-Ном журмаараа л явна. Батлан даагч олж өргөдөл бичүүлээд ир гэлээ. Зөвлөлийн гишүүн Догмид:
-За,
яршиг аа. Намайг батлан даасан гээд тооцчих. Тэгээд саналаа өгцгөөе!
гэж бусдыгаа уриалав. Дарга тээнэгэлзэн гайхах тэрхэн зуур зөвлөлийн
гишүүн Догмид:
-Татгалзах хүн гарахгүй байлгүй дээ. Баяр
хүргэе. Уран бүтээлийн амжилт хүсье. Дараагийн хүнээ дуудчих! гэж
шулуухан бүхнийг шийдэв. Би гайхаж дарга руу харлаа. Дарга толгой
дохилоо. Би гарлаа.
Ер нь мань эрийн яриа хөөрөө
угийн ийм данагар л даа. Нэг таараад юу хийж байгааг минь асуув. Зуслан
дээрээ өвөлжиж роман бичиж байгаа, гэхдээ ном бичихээс илүү нохойнууддаа
их цаг зориулаад таарч байна даа гэвэл,
-Уулын
мухарт өвөлжиж байгаа хүн сайн нохойтой байх хэрэгтэй шүү. Жинхэнэ
банхар гэдэг чинь одоо энэ сахал Хүрэлбаатар шиг юм байдаг юм шүү дээ.
Тиймэрхүү амьтан байна уу, чамд? гэж байна.
-Уг нь
зорьж явж Түвдээс авчирсан мундаг амьтан бий. Гэхдээ сайхан нохой хүний
анхаарал татаад хэцүү юм. Номхон зантай бол хулгайлчих юм, догшин ярдаг
бол хорлочих юм.
-Яг л уран зохиол шиг хог байна
даа. Сайн зохиол бичвэл атаархаад барьж идчих гэнэ. Муу зохиол бичвэл
доромжлоод амраахгүй. Ерөөсөө чи чоно тэжээ! Чоно хулгайлуулна аа, гонж!
Гаднын хүний хаяж өгсөн юм идэж хордоно оо, гонж!
-Чоно хүнд дасдаггүй гээ биз дээ?
-Хээ,
дасалгүй дээ. Би нэг бэлтрэг захиж суйлуулаад, хотынхоо байранд
тэжээгээд, миний өвөрт л өссөн. Тэгээд мундаг том чоно болсон. Кино
зурагт аваад явна. Хүмүүс айгаад л сүйд. Би 69-ийн арын суудалд хоёр
талдаа нэг нэг чоно суулгачихаад л...
-Бас өөр чоно байсан юм уу?
-Аа,
хүний чоно авахгүй юу. Тэгээд л өөрийнхөө чонотой хамт хоёр талдаа
нохой шиг хөтлөөд л, 69-өөр хээр хөдөө давхиж давхиж киноныхоо зургийг
авч дуусаад, хүний чоныг эзэнд нь буцааж өгөөд, өөрийнхөө тэжээсэн муу
амьтныг байгальдаа эрх дураараа яваг уу дээ гээд хээр тавьсан. 69-ийн
араас гаслаад л дагаж байгаа юм. Нулимс асгараад эргэж харж чаддаггүй.
Хаазаа тултал гишгээд л давхичихлаа. Нөгөө муу чинь орилоод араас сунаж
сунаж аргагүй техник гүйцэхгүй суугаад үлдсэн дээ. Чоно тэжээ! Чоно шиг
уярмаар, сайхан амьтан хаа байна? Үнэнч...
"Чоно
хүнд дасдаггүй, хүний нүүр эгцэлж хардаггүй” л гэж сонсож байснаас,
"Чоно уярам, үнэнч амьтан” гэж ярьж байгаа хүнтэй ер таарч байсангүй.
"Босоо
ороолон” өгүүллэгийг нь япон хүн орчуулж гаргах гээд зөвшөөрөл
асуулгалаа. Дараа нь бас хятадаар орчуулах зөвшөөрөл аваад өгөөч гэж
танил маань гуйлаа. Утасдан дамжуултал:
-Чи ингэж
ахин дахин над руу ярьж утасны мөнгө үрж яадаг юм бэ? Ерөөсөө энд
тэндээс миний зохиолыг орчуулъя л гэвэл шууд зөвшөөрөөд бай. Чамд
даатгалаа шүү. Надаас асуулгүй шууд л "Догмид эндээс зөвшөөрч байна”
гээд хэлчихэж бай гэсэн сэн. Ийм л хүн.
Г.Аюурзана
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих