📅

Боомтын тухай хуулийн төсөл боловсруулах судалгаа хийж байна

🕔 2024/03/22 12:48

Боомтын тухай хуулийн төсөл боловсруулах судалгаа хийж байна

 

Боомтын Сэргэлтийн Үндэсний хорооны хурлуудаар өнгөрсөн онд 40 гаруй асуудлыг хэлэлцэж шийджээ. Тодруулбал Увс аймгийн “Дэглий Цагаан” нисэх буудалд агаарын замын байнгын ажиллагаатай олон улсын боомт шинээр байгуулах, Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор мах, махан бүтээгдэхүүн экспортлох, Шивээхүрэн, Ханги хилийн боомтоор амьд мал, мах, махан бүтээгдэхүүн экспортлох нөхцөл бүрдүүлэх, Замын-Үүд-Эрээн боомтыг 24 цагийн ажиллагаатай болгох, Эрээнцав-Соловьевск боомтыг олон улсын зэрэглэлтэй болгох зэрэг асуудлыг шийдэв.

 

Түүнчлэн, хилийн боомтоор нэвтэрч буй бараа бүтээгдэхүүний нэр, төрөл, жин тонн, үнийн дүн, улс орнуудын талаарх 2016-2023 оны статистик мэдээлэлд суурилсан шинжилгээ хийж, боомтуудыг эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлжээ.

 

Мөн улсын хил дамнасан авто зам, төмөр замууд олон улстай хэрхэн холбогдох, бүс нутаг, олон улсын тээврийн сүлжээнд хэрхэн нэгдэж буй судалгааны хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын “Нэг бүс нэг зам” санаачилга нь авто зам, төмөр зам, далайн тээврийн чиглэл Ази-Европ тивийн худалдааны дэд бүтэцтэй Монгол Улс холбогдох байдал, Орос-Монгол-Хятадын эдийн засгийн коридор, логистикийн сүлжээний судалгаа хийжээ.

 

"Боомтын сэргэлт"-ийн хүрээнд хилийн боомтуудыг нэгдсэн удирдлагаар хангаж, боомт дагасан суурьшлын бүсийн дэд бүтэц, хөгжлийг шийдэх Боомтын тухай хуулийн төслийг боловсруулах судалгаа хийж байна. Тухайлбал, Монгол Улсын Хилийн тухай хуулийн 27, 28, 29 дүгээр зүйл, Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилго-2030, “Алсын Хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн зорилт, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийцүүлэн “Монгол Улсын хилийн боомтыг хөгжүүлэх ерөнхий стратеги” /2023-2030 он/-ийг боловсруулж, батлуулах юм. 

 

Тус хороо Хилийн боомтын захиргаа, боомтын хөгжлийн ерөнхий, хэсэгчилсэн, дэд бүтцийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хөрш орны боомтын хөгжлийн бодлоготой уялдуулан төлөвлөх, хилийн боомт орчмын бүс нутгийн эдийн засгийн агуулгаар нь хөгжүүлэхэд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлж байгааг Боомтын сэргэлтийн үндэсний хороо мэдээлэв.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?