Шүүр ажиллагааг төрийн албанаас эхлүүлэв
Засгийн газраас өнгөрсөн баасан гарагт Авлигатай тэмцэх 5Ш хөтөлбөрийн нэг болох Шүүрдэн цэвэрлэх ажиллагааг эхлүүлснээ мэдэгдэж, төрийн байгууллагуудад чиглэл хүргүүллээ. Тус албан бичигт төрийн бүх шатны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газар бүр “Шүүр” ажиллагааны хэрэгжилтийг хангаж, хууль тогтоомж зөрчин томилогдсон этгээдийг олж тогтоон, 2023 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөхийг үүрэг чиглэл болгож байна гэжээ. Энэхүү чиглэлээ Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга нар, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Засгийн газрын агентлагийн дарга, ЗДТГ-ын дарга, төсвийн байгууллагын дарга, төрийн болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын дарга нарт хандан хүргүүлжээ. Ийнхүү ирэх сарын 6-наас эхлэх хууль бусаар буюу ямар нэгэн албан тушаалтны нөлөөтэйгөөр томилогдсон албан тушаалтнуудыг төрийн албанаас чөлөөлөхөөр болж байна. Авлигатай тэмцэх “Шүүр” ажиллагааны хүрээнд “нийтийн албанд танилын хүрээ, зүй бус нөлөөллөөр хуульд заасан шаардлага хангаагүй хүн томилогдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдийг нийтийн албанаас шүүрдэн цэвэрлэх, төрийн албыг шимэгчдээс цэвэрлэх ажлыг эхлүүлж байна гэдгийг мөн албан бичигт дурджээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хувьд Шүүр ажиллагаа болон Шилжүүлэн авах ажиллагааг хариуцан ажиллана. Харин Шилэн ажиллагааг ЦХХХ-ны сайд Н.Учрал, Шувуу ажиллагааг ХЗДХ-ийн Х.Нямбаатар, Шүгэл үлээх ажиллагааг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгод хариуцуулжээ.
Д.Амарбаясгалан сайд “Төрийн албаны хэт данхайсан байдал, төсвийн урсгал зардлыг үрэлгэн зарцуулж буй зэрэг нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулдаг. Тиймээс ч олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагуудын баримталдаг зарчмыг улсын хэмжээнд бодитой авч хэрэгжүүлэх ёстой. Нэг ёсондоо нийт ажиллах хүчинд оногдох төрийн албан хаагчдын тоо хэмжээг хязгаарлаж, тогтоон барих чиглэлд Засгийн газар бодитой алхам хийнэ. Шүүр ажиллагааны хүрээнд Төрийн албаны хүнд суртлыг арилгах, төрийн албанд томилогдсон ах, дүү, хамаатан садны хэлхээ холбоог олж тогтоох ажлыг эхлүүллээ” хэмээв.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 56 (704