Г.Гэрэлтуяа: Сүүлийн жилүүдэд бэлгийн мөлжлөг болон албадан хөдөлмөр хийлгэх гэмт хэрэг ихэвчлэн үйлдэгдэж байна
Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих Хоёрдугаар хэлтсийн дарга, ахлах прокурор Г.Гэрэлтуяатай ярилцлаа.
-Хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотой судалгааг танилцуулбал. Энэ төрлийн гэмт хэрэгт ямар ял шийтгэл оноох эрх зүйн зохицуулалт байдаг вэ?
-Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлд Хүн худалдаалах гэмт хэргийг хуульчилсан байдаг. Тодруулбал, бусдыг биеийг нь үнэлүүлэх, бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, мөн эд, эрхтнийг нь авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулсан, хүлээн авсан үйлдлийг энэхүү гэмт хэрэгт тооцдог. Хүн худалдаалах гэмт хэрэг нь тухайн хүнд хүч хэрэглэх, заналхийлэх, хулгайлах, хууран мэхлэх, эрх мэдлээ урвуулан ашиглах, эмзэг байдлыг нь далимдуулах, эсхүл хяналтдаа байлгаж байгаа этгээдийн зөвшөөрлийг авахын тулд төлбөр төлөх, хахуульдах зэрэг аргаар үйлдэгддэг. Ял шийтгэлийн тухайд, хоёр жилээс хорин жил хүртэлх хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэхээр заасан.
Нийслэлийн прокурорын газар нь улсын хэмжээнд үйлдэгдсэн Хүн худалдаалах гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. Өнгөрсөн 2020 он болон энэ оны эхний хагас жилд Нийслэлийн прокурорын газраас Хүн худалдаалах гэмт хэргийн талаарх 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаанд нь хяналт тавьж ажилласан. Үүнээс таван хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн. Одоогоор арван хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.
-Тэгвэл хүн худалдаалах гэмт хэрэг ямар хэлбэрээр голчлон үйлдэгдэж байна вэ? Үүнийг тодруулбал?
-Сүүлийн хоёр жилд үйлдэгдсэн гэмт хэргүүдээс харахад бэлгийн болон албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор үйлдсэн хэрэг ихэвчлэн гарсан байна. Бэлгийн мөлжлөгийн зорилгоор үйлдэгдсэн гэмт хэрэгт насанд хүрээгүй хүүхэд, эмэгтэйчүүд их өртдөг. Жишээ нь, тус прокурорын газраас хяналт тавьсан энэ төрлийн хэргийн хохирогчдын 30 хувь нь 14-17 насны, 70 хувь нь 18-30 насны охид эмэгтэйчүүд байгаа юм. Боловсролоор нь авч үзвэл 45 хувь нь бага болон бүрэн бус дунд, 40 хувь нь бүрэн дунд, 15 хувь нь дээд боловсролтой байна. Энэ гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн 50 хувь нь 18-30 насны хүмүүс байгаа бол бусад нь 30-аас дээш насны хүмүүс байна. Түүнчлэн нэг зүйл анхаарал татаж байгаа нь хүн худалдаалах гэмт хэрэгт холбогдогчдын 75 хувь нь эмэгтэй хүн байгаа юм.
Нутаг дэвсгэрийн хувьд дийлэнх нь Нийслэлд, ялангуяа Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий зочид буудлуудад үйлдэгдсэн байна. Эдгээр зочид буудлууд нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжийг сахин биелүүлдэггүй болох нь хэргийг шалгах явцад тогтоогдсон байдаг. Жишээ нь, барилга байгууламжийн гадна орчны аюулгүй байдлыг хангах шаардлагатай техникийн нөхцөл, боломжийг бүрдүүлдэггүй, зочид буудлын ерөнхий стандартын шаардлагыг бүрэн ханган ажилладаггүй, зочдын баримт бичгийн мэдээллийг бүртгэдэггүй, насанд хүрээгүй хүмүүст үйлчилдэг зэрэг олон зөрчил илэрсэн. Ийм хайхрамжгүй, хариуцлагагүй байдал нь хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөлийг бүрдүүлэх гол хүчин зүйл болж байна гэдгийг энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүс анхаарах хэрэгтэй.
-Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болоход чухам юу нөлөөлж байна вэ. Магадгүй иргэдийн хайхрамжгүй сэрэмжгүй байдал нөлөөлдөг болов уу?
-Иргэд гадаадад чөлөөтэй зорчиж сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх зэрэг олон боломжтой нийгэмд амьдарч байна. Гэвч нийгмийн хөгжлийг дагаад шинэ төрлийн гэмт хэргүүд ч их үйлдэгдэх болсон. Ажилгүйдэл, ядуурал нь хүмүүсийг, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг улс орны дотоодод болон хилийн чанадад хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болгох, түүнчлэн хувь хүний төлөвшил бүрдээгүй, хувийн байдал нь тогтворгүй, бусдад амархан хууртдаг, биеэ үнэлдэг зэрэг нь энэ гэмт хэргийн хохирогч болоход гол хүчин зүйл, суурь шалтгаан болж байна. Нөгөөтээгүүр хүмүүс “Гадаадад өндөр цалинтай ажиллуулна, тэтгэлэгтэй сургалтад хамруулна” гэсэн хуурамч зар сурталчилгаанд итгэж, баталгаатай эсэхийг нь нягталж шалгаагүйгээс хохирогч болж байна.
Гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүс ихэвчлэн санхүүгийн хувьд чадамжгүй, нийгмийн эмзэг давхаргын, анхаарал халамж тавих хүнгүй охид, эмэгтэйчүүдийг онилж, хохирогчоо болгодог. Тэдэнд хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл хууран мэхэлж, эд хөрөнгө бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг нь далимдуулан Монгол Улсад болон гадаадад хүчээр биеийг нь үнэлүүлж, ашиг олж худалдаалдаг нөхцөл байдал байгаа юм.
Эх сурвалж: Өдрийн сонин
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих