📅

Б.Молор: Гэрээтийн алба ирээдүйн хилчдэд маш их туршлага, боломж

🕔 2020/11/10 14:20
Улсын хил хамгаалалтад үүрэг гүйцэтгэж буй гэрээт хилчдийнхээ төлөөлөл болгон хилийн 0275 дугаар ангийн 0102 дугаар салбарын гэрээт хилчин, байлдагч Б.Молортой ярилцлаа.
-Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Батмөнх овогтой Молор гэдэг. Би 20 настай. 2019 оны I ээлжээр хугацаат цэргийн албыг хилийн 0198 дугаар ангид хаасан. Цэргээс халагдаад гэрээт хилчин болчихоод байгаа минь энэ.

-Чамайг ШУТИС-д суралцаж байсан гэж сонссон?

-Би тус сургуульд геодизийн инженер мэргэжлээр суралцаж байгаад цэрэгт явсан. Ирээдүйн мэргэжлээ сонгоод удаагүй байхад цэргийн зарлан дуудах хуудас ирсэн юм. Тэгээд сургуульдаа сурах уу, цэрэгт явах уу гэж удаан бодсон. Олон аавын хөвгүүдийн хаадаг алба. Би яагаад нэг жил цэрэгт яваад ирж болохгүй гэж шийдсэн тул сургуулиасаа чөлөө аваад цэрэгт явсан даа. Харин цэрэгт ирээд хилийн албанд “дурлачихсан”. Тэгээд сургуулиа бүр мөсөн орхихоор шийдээд гэрээт хилчин болсон. Би хилчин офицер болно гэж өөртөө зорилго тавьсан юм. Зорилго, хүсэл мөрөөдөлдөө хүрэх арга нь гэрээт хилчний алба байсан.

-Гэрээний хугацаагаа дуусгаад ДХИС-д орж суралцах уу?

-Тийм. Одооноос элсэлтийн ерөнхий шалгалтандаа бэлдэж байна. Хилийн салбарт үүрэг гүйцэтгэж байгаа гэрээт хилчдэд чөлөөт цаг хангалттай гардаг. Тэр цагаа өөрийгөө хөгжүүлэхийн тулд зөв л ашиглах ёстой. Би нийгэм, англи хэл, математик, биеийн тамирын шалгалтанд түлхүү бэлтгэж байгаа. Үр дүн ч гарч байгаа шүү.

-“Эх орны манаа” сониныг шимтэн унших дуртай гэж дуулсан?

-Би цэрэгт ирээд л “Эх орны манаа” сониныг унших дуртай болсон. Тэндээс шинэ мэдээ, мэдээлэл авна. Мөн бусад хилийн анги, салбарт болж буй үйл явдал, хилчдийнхээ байгуулсан гавьяаг унших дуртай. Надад хилчин уран зохиол булан маш их таалагддаг. Би “Сүүжин ээмэгт Ксения” зохиолыг шимтэн уншаад дараагийн дугаарт юу гарах бол гэж бодоод хүлээж тэсэлгүй хот орохдоо номыг нь аваад уншиж дууссан. “Эх орны манаа” сонин хил дээр байгаа хилчдийн дотны найз, туслагч болдог учир хилчин бүр унших дуртай байдаг болов уу.

-Хэзээ нэгэн цагт ярилцлага өгнө гэж бодож байв уу?

-Тэгж бодож байгаагүй. Ярилцлага авъя гээд хандахад нь гайхах, баярлах, сандрах мэдрэмж төрдөг юм билээ. Тэгээд миний ярьсан зүйлийг бүх хилчид уншина гэж бодоод баярласан.

-Хил хамгаалах байгууллагад ажиллах, хилчин байхын сайхныг хэрхэн мэдэрч байна вэ?

-Хил хамгаалах алба хүнд эх оронч үзлийг хамгийн ихээр суулгаж өгдөг. Надад ч бас эх орноо хайрлах тэр мэдрэмжийг цэргийн алба л суулгасан. Энэ газар нутаг бид бүхэнд ямар их амь, хөлс хүч, үнэ цэнээр ирсэн билээ. Тэгвэл өвөг дээдсийнхээ бидэнд үлдээсэн энэ сайхан улс орны хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг хилчид л сахин хамгаалах учиртай. Ийм сайхан үйл хэргийг залгамжилж, эх орны хүү болж явах аз завшаан зөвхөн хилчдэд тохиосон болохоор баярлаж, бахдаж явдаг.

-Хугацаат цэргийн алба, гэрээт хилчний алба хоёрын ялгаатай тал?

-Гэрээт хилчний албаилүү нээлттэй. Бас хариуцлага өндөртэй. Зорьсон зорилготой, хүсэл тэмүүлэлтэй залууст маш олон боломжийг дэлгэдэг давуу талтай санагддаг. Мөн Хил хамгаалах байгууллагын удирдлагаас гэрээт хилчдэд маш их анхаардаг. Ирээдүйн боловсон хүчин гэдэг үүднээсээ гэрээтүүдэд сурч боловсрох, хөгжих боломжийг олгодог. Тэдний ая тухтай амьдрах нөхцөл, ахуй хангамжийг ч сайн бүрдүүлж өгсөн. Гол нь тэр сайхан боломжийг ашиглах эсэх нь хувь хүнтэй л холбоотой.

-Ирээдүйд өөрийгөө ямар хилчин офицер болно гэж төсөөлж байна вэ?

-Хамт олноо манлайлсан хилчин офицер болно. Үг, үйлдэл бүрээрээ бусдад үлгэрлэж, мөн тэднийг дэмжиж, нөхөддөө тусалж явах чин хүсэлтэй. Би тийм л офицер болохыг хүсдэг. Ирээдүйд хэн байхаа төсөөлөлдөө зурсан. Одоо түүнийгээ амьдрал дээрээ буулгах нь миний үүрэг.

-Гэрээт хилчдэд байх ёстой чадвар?

-Гэрээт хилчид хугацаат цэргийн алба хаагчаас ямагт нэг шат илүү үүрэг хүлээж, тэр хэрээр чадвартай байх ёстой. Алхаж гишгэх, гүйж харайх, мэдлэг боловсролын хувьд илүү байх ёстой. Тэгж байж Хил хамгаалах байгууллагын өнгийг тодорхойлно. Түүнээс цалин авч, өдөр хоногийг аргацааж болохгүй. Тухайлбал, гэрээт хилчин жолооч, гэрээт хилчин холбоочин, гэрээт хилчин нохой хөтлөгч, гэрээт хилчин харуулын дарга гэх албан тушаалууд байна. Тэдгээр албан тушаалд үүрэг гүйцэтгэж байгаа хилчид мэргэжлийнх л байх ёстой.

-Гэрээт хилчдэдээ хандаж юу гэж хэлмээр байна вэ?

-Та бүхэн зөв сонголтыг хийсэн. Сонголтондоо эргэлзэхгүй зөвхөн урагшаа харж, үүргээ илүү сайн гүйцэтгээрэй гэж хэлмээр байна. Гэрээт хилчнээр алба хаасан олон залуус өнөөдөр Хил хамгаалах байгууллагад ажиллаж байна. Ирээдүйд Хил хамгаалах байгууллагад ажиллахаар шийдсэн бол гэрээт хилчний алба маш их туршлага суулгаж, боломжийг өгөх болно. Хоёр жилийн хугацаанд өөрийгөө бүрэн бэлтгэсэн байхад дараа дараагийн алхамд чинь тус дэм болно. Миний ярьсан бүхнээс залуус маань нэгийг бодож, зөв алхам хийнэ гэдэгт итгэлтэй байна.

Ярилцсан ахлах дэслэгч М.УРАНБАЙГАЛЬ
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?