📅

Мэдэхгүй зүйлийнхээ дайсан

🕔 2020/09/14 12:29

Н.Энхбаяр тэргүүтэй МАХН, ИЗНН, МУНН-ын нэгдэл “Та бидний эвсэл” парламентад цорын ганц суудалтай. УИХ-ын сонгуулийн 29 тойрогт, 76 хүнийг нэр дэвшүүлсэн ч төдийлэн амжилт үзүүлж чадаагүй тэднийг Орхон аймагт нэр дэвшсэн С.Ганбаатар ганцаараа ялалт байгуулж, эвслээ парламентад төлөөлөлтэй болгосон нь энэ.
Нэгэн цагт “Үйлдвэрчний эвлэл”-ийн автортой байсан түүний хувьд өдгөө “Босоо” гэсэн тодотголтойгоор улс төрийн намтраа арвижуулж явна. Улс төрд танигдаж эхэлсэн цагаасаа Оюу Толгой гэсэн ганцхан сэдэвтэй явсан тэрбээр 2012 онд бие дааж УИХ-ын гишүүн болсныхоо дараа Сангийн сайд асан С.Баярцогтыг мэтгэлцээнд дуудсан удаатай.
Гэвч Оюу Толгой тойрсон яриа нь олон нийтийн дунд улиг болохын хэрээр С.Ганбаатарт өөр сэдэв хэрэгтэй болсон нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан 6.2 буюу “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэсэн заалт байв. Тэр өөрөө ч УИХын чуулганы нэгдсэн хуралдааны индрийг ашиглан “Үндсэн хуулийн 6.2 заалтыг ард түмэн эсэргүүцэж байна. Гэтэл УИХ-ын гишүүд дүлий дүмбэ оргисоор л байгаа. Таван т усгаар тогтнолын суурь тусгаар тогтнол болох газар нутаг аюулд орлоо.Энэ янзаараа дүлий дүмбэ байвал Үндсэн хуулиар дээрэм хийсэнд тооцогдож УИХ тарах, Засгийн газар огцрох хэмжээний асуудал яригдана” гэж байлаа.
Нийтийн гэж үг нэмсэн л болохоосҮндсэн хуулийн 6.2 заалтын агуулга төдийлөн хөндөгдөөгүй юм билээ. Харин түүнийг нь С.Ганбаатар тэргүүтэй улстөрчид шүүрэн авч өөрсдийн хүрээнд улстөржүүлсэнд асуудлын зангилаа оршиж байгаа гэсэн үг.
Гишүүн С.Ганбаатарын уг мэдэгдэл тэр даруйдаа газар авч, УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сард баталж, өнгөрсөн тавдугаар сараас хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд 6.2 буюу нийтийн өмчтэй холбоотой заалт тойрсон маргаан, эргэлзээ хуурай өвсөнд чүдэнз зурахтай адил тархаж, нийгэмд хэлэлцүүлэг өрнүүлэх шалтгаан болж байв. Угаас нийгэмд нэг сэдвийг босгож ирээд хангалттай сэвж, сэдэл өгч чаддаг нь С.Ганбаатар шиг хэмжээний улстөрчийн гэм биш зан.
С.Ганбаатар нарын хардлагад тайлбар өгөх, олон нийтийн дунд үүссэн эргэлзээг тайлах зорилгоор УИХ-ын гишүүд хуульч, иргэдийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулж, маргааныг хагалсан. Харин энэ удаад ирэх сард хөшгөө нээх намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд Төрийн нийтийн өмчийн тухай хуулийн төслийг оруулж, шийдвэрлэхээр болсон нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг “амь оруулах” ажлын нэг нь уг хуулийн төсөл болов уу.
С.Ганбаатар нар л сэдэж, сэвээд байгаа болохоос 1992 онд баталсан Ардчилсан Үндс эн хуулийн 6.2-т оруулсан “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэсэн заалтыг огт хөндөхгүйгээр явахаар байсан ч Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс “нийтийн өмч” гэж өөрчлөх санал ирүүлсэн байдаг. Тухайн зарчмын зөрүүтэй санал гарсан ч Зөвшилцлийн ажлын хэсгээс Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авч “төрийн нийтийн өмч” гэж өөрчлөх санал гаргасныг УИХ баталжээ.
6.2 заалтад нийтийн гэсэн үг оруулсан түүх ердөө л энэ. Тухайн үед “Байгалийн баялаг бол одоогийн болон ирээдүйн монголчуудын өмч. Хүний бүтээгээгүй байгалийн баялгийг үйлдвэр, эд хөрөнгөтэй адилтган хувьчлалд оруулсан олон жилийн алдаа засагдана. Нийтийн өмч гэснээр иргэдийн хяналт сайжирна. “Төрийн өмч” гэсэн үгээс болж иргэд хянаж чадахгүй Оюу Толгойгоо гадныханд тавиад туучихсан” гэдгийг З.Энхболд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа Х.Баттулгын санаачилсан хуулийн төслийг хамгаалж, байр сууриа илэрхийлж л байлаа.
Ажлын хэсэгт голлох нөлөөтэй оролцсон МУИСийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан ч “Төрийн нийтийн өмчийг буюу иргэдэд өмчлүүлснээс бусад газар, байгалийн баялгийг эзэмших, захиран зарцуулах бүрэн эрхийг Монгол Улсын ард түмний төлөөлөл болсон УИХ бодлогын хувьд шийдвэрлэнэ. Шаардлагатай бол Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу иргэдийн санаа бодлыг асууж шийдэж болно. Монгол Улсын хувьд төр гэдэг бол өөрөө ардчилсан төр учраас үүний цаана ард түмний бүрэн эрхт байдал агуулагддаг. Хоёрдугаарт, “нийтийн” гэдэгт ямар санаа байна гэхээр Монголын ард түмний нийтлэг ашиг сонирхол буюу нийтийн ашиг сонирхлын үүднээс тэр газар, байгалийн баялгийн хувь заяаг шийдвэрлэнэ.
“Төрийн нийтийн өмч” гэдэг зөвхөн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл хэлэлцэж байхад зохиогдоод гараад ирчихсэн зүйл биш. 1996 оны тавдугаар сард батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль гэж бий. Энэ хуулиар төрийн өмчийг ерөнхийд нь төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өөрийн өмч гэж хоёр ангилдаг. “Төрийн өөрийн өмч” гэдэг тухайн байгууллагын эзэмшилд байгаа эд хөрөнгө, ширээ, сандал гэх мэт багтана.
“ Төрийн нийтийн зориулалттай өмч” гэдэгт иргэдэд өмчлүүлснээс бусад газар, байгалийн баялаг, ой, усны нөөц, ан амьтан зэрэг багтах жишээтэй. Энэ ангилал Монголд 24 жил хэвшсэн. Энэ тогтсон ойлголтыг Үндсэн хууль руу 2019 онд тусгаж тодруулсан гэсэн үг.“Төрийн нийтийн зориулалттай өмч” гэхээр арай урт, нуршсан нэр томъёо байсан тул товчлоод “төрийн нийтийн өмч” гэж заасан гэж ойлгож байгаа.Энэ заалт орсноороо 1992 оны Үндсэн хуулийн үзэл санааг ямар нэгэн байдлаар үгүйсгээгүй, өөрчлөөгүй.Харин тодотгож өгсөн” хэмээн байр сууриа илэрхийлж байсан нь саяхан.
О.Мөнхсайхан докторын хэлдэг үнэн. Нийтийн гэж үг нэмсэн л болохоосҮндсэн хуулийн 6.2 заалтын агуулга төдийлөн хөндөгдөөгүй юм билээ. Харин түүнийг нь С.Ганбаатар тэргүүтэй улс төрчид шүүрэн авч өөрсдийн хүрээнд улстөржүүлсэнд асуудлын зангилаа оршиж байгаа гэсэн үг. Хүн мэдэхгүй юмныхаа дайсан гэдэг энэ. Тэгээд ч Үндсэн хуулийн 6.2 заалтад нэмсэн “Нийтийн” гэсэн үгээс хариуцлага нэхмээр байвал одоогийн парламент, УИХ-ын дарга гэхээсээ санаачилга гаргасан Ерөнхийлөгч Х.Баттулга, түүнийг хамгаалж, батлуулсан З.Энхболд нараас шаардах нь шударга ёсонд нийцэхгүй гэж үү?
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн өөрчлөхөөр зэхэж буйТөрийн нийтийн өмчийн тухай хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэхээр болсон нь гишүүн С.Ганбаатар нарын улс төр хийх сэдэл, олон нийтийг турхирах сэдэв нь битгий байгаасай гэж найдах үлдэж байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гэдэг бодлогын мэтгэлцээн өрнүүлдэг хууль тогтоогчдын индэр болохоос хэн дуртай нь ард түмнийг талцуулан суудаг талбар лав биш ээ?!

http://dorgio.mn/p/122019
скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?