📅

Эрүүгийн хэргүүд нь эцэслээгүй ч УИХ-д нэр дэвшигчид

🕔 2020/05/19 19:25

Ирэх сонгуульд горилогчид мандатаа өвөртлөв. Горилогчдын жагсаалт дунд гишүүн болж, гэмт хэргээ “гол гаргах” гэсэн зорилготой байж мэдэх эрхэм хэд хэд байна.
Тодруулбал, Хотын дарга асан Э.Бат-Үүл, “Эрдэнэс монгол” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, “Шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр. Эрүүгийн хэргээр шүүхийн “босгыг элээж” яваа тэднийг СЕХ батламжлаад, сонгогчид итгэчихвэл тэд дөрвөн жил хуулийн хамгаалалтад орно гэсэн үг.
УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд “Эрдэнэс монгол”ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан Дархан-Уул аймгаас АН-аас нэр дэвших эрхээ аваад буй. Гэвч тэрбээр Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарын зургаан хүний хамт Оюутолгойн гэрээ болон гүний уурхайн төлөвлөгөө батлахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан хэргээр шалгаж буй. Анх 2018 оны дөрөвдүгээр сард баривчлан саатуулснаас хойш энэ хэргийн дуулиан үргэлжилсээр байгаа. Сайн ах нартайгаа Саалийн үнээнээс саваа дүүргэсэн нэр нь салаагүй байхад сайх эр Дархан-Уулаас УИХ-д үзэх эрхээ аваад байна.
Мөн Хотын дарга асан Э.Бат-Үүл энэ удаа Хэнтий аймагт АН-аас гишүүний суудалд горилж буй. Түүнд хүү Б.Чулуудай нарын 10 хүний хамт эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэргийн “бантан” бий. Эрүүгийн хэрэг нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирэх зургадугаар сарын 8-ны өдөр болох товтой. Хотын дарга хүүгээ эрхлүүлсний балгаа үүрч дуусаагүй хэрнээ Хэнтий нутгаас гишүүн болох санаа бий.
Түүнчлэн “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт. Тэрбээр Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээ илэрхийлжээ. Түүний 50 сая төгрөгийн хэрэг олон нийтийн “дурсамжинд” үлджээ.
Тэдний араас “Баян”-ы хүү гэгддэг Н.Номтойбаяр. Хан-Уулд нэр дэвшжээ. Хагарсан хундага, сэтэрсэн хөмсөг, мөргөлдсөн мотоциклийн хэргээр цоллогдож байсан түүний намтарт “Гонх”-ны хэрэг нэмэгдэж, гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Одоо хэрэг нь прокурорт хянагдаж байгаа ч тэрбээр УИХ-д ахин зүтгэж буй. Энэ мэтээр Эрүүгийн хэргээр шүүхийн хаалга татаж, хаалга нь хаагдаагүй байхад ТЭД УИХ-д нэр дэвшжээ. Олон улсад бол хийсэн хэргээ хүлээж, дахин улс төрийн сэнтий, төрийн албан тушаал руу зүглэх битгий хэл санаархдаггүй. Харин манай түшээд бол түүний эсрэг буюу авлига, албан тушаалын хэрэгт холбогдох тусмаа л төрийн сэнтий рүү улайран зүтгэдэг билээ. Түүний хамгийн тод жишээ бол өдгөө шалгагдаж байгаа хэрэг нь шийдэгдээгүй атал УИХ-ын гишүүн болохоор зүтгэж буй дээрх хүмүүс юм.
Үндэсний шуудан
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?