Ч.Хүрэлбаатар: Банкууд өөрсдийн бодлого, хүү дээрээ өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаагаа дуулгасан
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдааны дараа сэтгүүлчдэд бизнес эрхлэгчдэд тулгамдаад байгаа зээлийн хүүгийн талаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл өгсөн юм. Тэрээр "Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 10 хувь болголоо. Мөн арилжааны банкууд Төв банкинд заавал байлгах нөөцийг 10.5 хувь байсныг 8.5 хувь болгож буулгасан байна. Энэ нь эдийн засагт нэлээд их хэмжээний мөнгийг гаргах боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. Аливаа зээлийг арилжааны банкуудаас гадна банк бус санхүүгийн байгууллагууд олгодог учраас Санхүүгийн зохицуулах хорооноос тэдгээр байгууллагуудтай янз бүрийн төлбөр хураамж, шимтгэлээ авахгүй байх, тэглэх, нэмэгдүүлсэн хүү, алдангийг тэглэх, тооцохгүй байх зэрэг асуудлаар ярилцаж байгааг хэлмээр байна. Энэ нь тодорхой шийдвэр болж гарах байх. Зарим орнуудын хувьд эдийн засгийг тэтгэх хэмжээгээр төсвийнхөө зардлыг нэмэх чиглэлийн бодлогыг авч хэрэгжүүлж эхэлж байгаа. Харин манайд бол зардал хасах тухай ярьдаг. Үүнийг би Сангийн сайдын хувьд хэзээ ч хийхгүй гэдгээ хэлж байсан. Агшиж байгаа зүйлийг улам танахын бол эдийн засаг борцлогддог. Иймд өндөржүүлсэн бэлэн байдалтай энэ үед авч хэрэгжүүлж болохгүй бодлого юм" гэлээ.
Өнөөдөр Засгийн газрын хуралдаан дээр Монголын арилжааны банкуудын холбооны тэргүүн Б.Мэдрээ оролцжээ. Тэрээр арилжааны банкууд бодлого болон хүү дээрээ тодорхой хэмжээний өөрчлөлтүүд хийхээр төлөвлөж байгаагаа дуулгасан байна. Энэ нь удахгүй албажиж шийдвэр гарах бололтой. Ингэснээр аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд энэ нь банкны зээлийн хүүтэй холбоотойгоор тодорхой хэмжээний дэмжлэг болно гэдэгт найдаж байгаагаа Сангийн сайд энэ үеэр илэрхийлж байлаа.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих