ҮАБЗ-ийн хоёр гишүүн чинь эвлэрэхээсээ өнгөрөв бололтой, Ерөнхийлөгч өө !
"Доголон” Засгийн газар үйл ажиллагаагаа явуулахын тулд томилгоо хийхээс аргагүй болсон. Засгийн газрын гишүүнийг томилохын тулд УИХ гацаанаас гарах хэрэгтэй. Гэвч УИХ-ын дарга огцрох өргөдлөө өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэчихсэн.
Энэ бүхэн дугаар хорооны иргэнд ямар хамаатай юм бэ. Талхны үнэ 2000 төгрөгт, махны үнэ кг нь 10 мянгад хүрчихээгүй бол бараг л хамаагүй. Тэгэхээр улс төрөөс илүү эдийн засгийн салбарын үйл явц иргэдэд чухал нөлөөтэй байгаа биз. Харамсалтай нь эдийн засгийн эрүүл мэндэд улс төрийн, төрийн, МАН-ын хямрал тахал мэт нөлөөлж байна.
Монголбанкны ерөнхийлөгч өчигдөр /2018.12.10/ мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд эдийн засаг, зах зээл дээр үүсээд байгаа "хамаг зовлон”-г тоочиж, эрсдэлийг сануулсан байна. Тухайлбал, бараг 28 тэрбум ам.долларт хүрээд байгаа гадаад өрийн дарамт, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал муудах эрсдэлтэй байгааг сануулж, 2013-2016 оны хүндрэлийг давтах уу гэдгийг ч "асууж” байна. Хэнээс вэ? УИХ-аас. Мэдэгдэлд "Эдийн засгийн тогтвортой байдлыг цаашид хадгалахын тулд улс төрийн тогтвортой байдлыг хангах, тогтворгүй байдлаас үүдэн эргэлзээтэй нөхцөл байдалд ороод буй хөрөнгө оруулагчдын эргэлзээг арилгах, улс төр, дипломат арга замаар нүүрсний экспортыг дэмжих шаардлагатай байна. "Эрдэнэс Тавантолгой" компанийн IPO хийх, хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргаж худалдаалах бэлтгэл хангагдаж буй одоо цаг үед гадаадын хөрөнгө оруулагчдаас Монголд итгэх явдал өндөр байх нь туйлаас чухал байна” гэж бараг л гуйсан өнгө аяс харагдлаа.
Одоо төрийн хэрүүл, МАН-ын хямралыг эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийн аж амьдралын ард тавья, тэгэх үү. УИХ-ын даргыг огцрох өргөдлийг нь шаардаж "тэмцлийн хурц хэлбэр”-ийн тухай ярьсан өнгөрсөн Баасан гаригт нийслэлийн нэгэн хоолны газарт халамцуу иргэн буу дуугаргаж танхайрсан нь хүртэл нэгийг өгүүлэхгүй байна гэж үү. Дээрээ эвтэй бол дороо буу дуугаргах сэдэл төрөө ч үү, үгүй ч үү. Бодох л хэрэгтэй.
Өнгөрсөн өдрүүдэд анзаарагдсанаар, ҮАБЗ-ийн хоёр гишүүн чинь эвлэрч, нэгэн зүгт хартлаа удах бололтой, Ерөнхийлөгч өө! Эв нэгдлийн илэрхийлэл, ҮАБЗ-ийн тэргүүний хувиар Та ямар нэг алхам хийх шаардлагатай боллоо. Ерөнхийлөгч Та саяхан агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах зорилгоор ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлт гаргасныг олон нийт зөв зүйтэй алхам гэж хүлээн авлаа. Гэтэл үүнийг хэлэлцэх бүрэлдэхүүний үйл ажиллагаа доголон хазгай байна. Татан буугдаж ч мэдэхээр нэг намын дотоод хямралаас шалтгаалж Монгол төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа доголдож, ҮАБЗ-ийн тулгийн гурван чулууны хоёр нь таарч тохирохоо болиод иргэд сонгогчдоо талцуулчихлаа. Институци хоорондын хямрал гэхэд зөөлдөх үү, хатуудах уу.
Монгол бол 127 сая хүн амтай, хөгжлөөрөө тивдээ тэргүүлж дэлхийд гуравт ордог Япон шиг ойр ойрхон Засгийн газраараа оролдоод байх боломжгүй. 120 сая хүнд үүсэх доргилт гуравхан сая хүн амтай улсад үүсэх доргилттой адил биш шүү дээ.
Монголбанкны ерөнхийлөгчийн мэдэгдэлд дурдсанчлан "2020 оны сүүлийн хагасаас эхлэн гадаад өрийн том дүнтэй эргэн төлөлтүүд хийгдэж эхлэхээр хүлээгдэж байгаа нөхцөлд валютын нөөцөө хэрэглэж, зарцуулах бус, харин үүлэн чөлөөний нарыг самбаачлан нарны галтай, өвсний сөлтэйд ургацаа хурааж, өвлийн бэлтгэлээ базаах нь хэтийн ирээдүйд тустай” биш гэж үү.
News.mn