Эрчим хүчний байгууллагуудын үйлчилгээ, үнэ тарифын асуудлаар иргэдийн саналыг сонслоо
Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Захирагчийн албатай хамтран "Дархан-Уул аймгийн Эрчим хүч, Усан хангамжийн байгууллагуудын өнөөгийн байдал ба хэрэглэгчдийн үнэлэмж” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Аймгийн Захирагчийн албанаас Дархан-Уул аймгийн Эрчим хүчний байгууллагуудтай хамтран "Дархан-Уул аймгийн Эрчим хүч, Усан хангамжийн системийн өнөөгийн байдал, хэтийн зорилт” зөвлөгөөнийг 2017 оны 1 дүгээр сарын 27-нд зохион байгуулах бөгөөд эрчим хүчний байгууллагуудын үйлчилгээ болон үнэ тарифын тухай иргэдийн саналыг авах, цаашдын үйл ажиллагаандаа тусгах зорилгоор уг хэлэлцүүлгийг явуулсан юм.
Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын дарга А.Янжмаа, Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх, Дархан-Ус суваг ХК-ийн Үйлдвэр технологийн хэлтсийн дарга Д.Батжаргал, Орон сууцны албаны дарга Б.Ганбаяр, Дархан Дулааны Сүлжээ ТӨХК-ийн Гэрээ борлуулалтын албаны дарга Ш.Отгонтуяа, Ашиглалтын албаны дарга Т.Болор-Эрдэнэ, Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн Дэд Захирал бөгөөд Ерөнхий инженер Б.Батжаргал, Дархан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга М.Навчаа, Хяналтын албаны дарга П.Пүрэвсүрэн, бусад холбогдох албаныхан, Дархан сумын багуудын ИНХ, Засаг дарга, иргэдийн төлөөлөл зэрэг 50 гаруй хүн оролцов.
Дархан-Ус суваг ХК-ийн Үйлдвэр технологийн хэлтсийн дарга Д.Батжаргал, ДСЦТС ХК-ийн Дэд Захирал бөгөөд Ерөнхий инженер Б.Батжаргал, Борлуулалт бодлого зохицуулалтын албаны дарга С.Батбаатар, Дархан Дулааны Сүлжээ ТӨХК-ийн Ашиглалтын албаны дарга Т.Болор-Эрдэнэ нар өөрийн байгууллагын үйл ажиллагаа болон хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээ, үнэ тарифын талаарх мэдээллийг хэлэлцүүлэгт оролцогчдод хүргэсэн бөгөөд иргэдийн асуултад холбогдох мэргэжилтнүүд хариулт өглөө.
Хэлэлцүүлгийн үеэр иргэдийн зүгээс Ухаалаг тоолуур нэвтрүүлсэн нь сайшаалтай боловч цахилгааны төлбөр урьдынхаас харьцангуй өндөр гардаг болсон шалтгааныг тодруулж, шийдвэрлэх, цахилгааны төлбөрийг сарын бүрийн 20-ноос хойш буюу иргэдийн цалин, тэтгэвэр буух хугацааг харгалзан тохируулах, дархан сумын 7 дугаар багийн 3 дугаар гудамжны эрчим хүчинд холбогдоогүй 20 гаруй өрхүүдэд ойрын хугацаанд цахилгааны агаарын шугам татаж өгөх, хэрэглээний халуун усны температурыг тохируулах, шөний тарифын хэрэглээ зэрэг олон асуудлыг хөндсөн юм.
Иргэдийн асуулт нэг бүрт хариулт өгөх, гаргасан саналуудыг эрчим хүчний байгууллагуудын үйл ажиллагаанд тусгаж, ажил хэрэг болгоход уг хэлэлцүүлгийн зорилго оршиж байгааг Иргэний танхимын дарга А.Янжмаа хэлэлцүүлгийн үеэр онцлоод иргэдийн гаргасан саналуудыг холбогдох албаныханд уламжилж, энэ 7 хоногт багтаан хариу өгнө гэдгээ илэрхийллээ.