📅

“Итгэлийн бизнес”-ийг оролдохоо больцгоо

🕔 2016/10/06 12:53

Авдрын ёроолоо шавхахдаа тулан амьдарч буй ард түмний хувьд санхүү мөнгөний асуудлаа шийдэх бол ганц гарц зээл болсон. Гэхдээ заавал мөнгөгүйдсэн хүн зээл авдаг гэдэг ойлголт бол социализмтэй хамт баяртай болчихсон. Хөгжих дэвжих, хийж бүтээх хүнд эргэлтийн хөрөнгө, гарааны зээл хэрэгтэй. Хийгээд босгосон нь улам дэвжихийн тулд мөн зээл авч ашигтай ажиллаж баян чинээлэг нэгэн болох учиртай. Нөгөө талд хуримтлалтай иргэд мөнгөө шилэн хоргонд хийгээд ширтээд суугаад байхгүй тул зохих ашиг унацтай буюу хүүтэйгээр найдвартай хадгалуулж өсгөж үржүүлэхийг хүснэ. Энэ хоёр хүслийг холбоод дунд нь итгэл үүрдэг нь банкууд.

 

 

 

Манай банк санхүүгийн системийн нарийн зангилаа хийгээд гол тоглогч банкуудын хувьд хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшигчид нь хэн байдаг талаар мэдээлэл нь жирийн иргэдийн хувьд хаалттай байдаг. Өнөө хэд буюу ээлжлэн сонгогддог 76 дотор багтах улстөрчид байх гэж таамагладаг. Харин бүгдээрээ дуу нэгтэй хэлээд байгаа зүйл бол банкуудын зээлийн хүү хэтэрхий өндөр, босго болзол хатуу гэдэг яриа. Энд эхлээд банкуудыг өмөөрчихмөөр хэдэн үндэслэл бий . Бусдын мөнгөнөөс хүү унагааж жоохон ашиг олох гэж байгаа харилцагчдийн итгэл дээр суурилсан байгууллага тул барьцаа хөрөнгө авч эрсдлийг хамгийн бага түвшинд тооцон зээл гаргах нь гол үүрэг. Удаах тайлбар бол арилжааны банкуудын зээлийн хүү нь хадгаламжийн хүү хэд байхаас шууд хамаардаг. Өөрөөр хэлбэл, банкууд харилцагчдийнхаа  хадгалагдаж байгаа мөнгийг буцаагаад зээл болгон гаргадаг. Ингэхдээ иргэдэд хадгаламжаар амласан хүүн дээр өөрийн үйл ажиллагааны зардал болон ашиг болох тодорхой хувийг нэмэн зээл болгон гаргадаг. Нэгтгээд харвал зээлийн хүү шууд нэмээд байдаггүй, бусад хүчин зүйл нь олон.

Энэхүү урт оршлыг гаднын банк орж ирэх нь зөв, буруу гэдэг үндсэн сэдэвт зориуллаа.

Сонгууль дөнгөж дууслаа. Хямралын тухай гашуун үнэнтэй ч гоомой гэсэн шүүмжлэлтэй шинэ засгийн мэдэгдлүүд цуварлаа. Хүүхдийн мөнгө гацлаа. Чанаргүй зээл өслөө. Долларын ханш өслөө. Төгрөг үнэгүйдлээ. Монголбанк бодлогын хүүгээ өсгөж 15-д хүргэлээ гээд санхүү эдийн засгийн савалгаа үүссэн дүр зураг тодорсоор ирсэн. Зарим талаар ийм дүр зургийг зориуд бий болгоод байгаа тал ч харагдсан. Тухайлбал, Монгол банкиндах гадаад валютын нөөц байхгүйтэй адил буюу Хятадтай хийж "своп”-ын төлбөр тооцооны зөрүүг хасаж тооцвол хасахтай гарсан мэдээллийг учир мэдэх олон эдийн засагчид буруу тоцоолол гэж үзсэн.

Ингээд намрын чуулган дөхөх тусам дотоодын банкуудыг гоочилсон, жигшсэн жиргээ нисэлдэж эхлэв. Жиргээний ард үсрэх шүлс маш тодорхой буюу гадны банкны бага хүүтэй зээлээр жаргацгаая гэх. Банк санхүүтэй холбоотой улсын мөнгөний бодлого тусгаар тогтнолд ойртож болох ийм сэдвийг дан зээлдэгчдийн байр сууринаас буюу хэн дуртай нь мэдээд хашгираад л, ярицлага өгч мэдэгдэл хийгээд хөөсрүүлээд байх нь хамгийн буруу л даа. Манайхан ингээд нэг сэдвээр цаг наргүй "ажиллаж” сошиалд жиргээ эхлүүлээд, үүнийгээ нийгэмд сенсаац тариад эхлэхээр ард нь нэг юм бэлдсэний шинж болдог. Явсаар хэн нэгний ашиг сонирхолд үйлчилсэн, том бодлого барьсан тоглолтод өөрсдөө мэдэлгүй орчихдог. Энэ удаагийн банк санхүүгийн асуудал дээр ухаантай байж сайн ойлголтгүй байхдаа эх орноо бодоод мэдэмхийрэлгүй суумаар.

Банкны монополь тойрсон энэ асуудлыг шуугиан болгохоос өмнө манай банкныхан онцгой анхаарч санхүү мөнгөний бодлого мэддэг хүмүүсээр түр зөвлөл дэргэдээ байгуулж байгаад нарийн ярьж ойлголтоо нэгтгэх ёстой санагддаг.

 

Манай банкуудын хувьд ганц зээлийн хүү өндөр төдийгүй олон асуудал үүсэн байгаа нь тодорхой. Нийт дүнгээрээ 12 их наяд төгрөгийн зээл гаргачихаад байгаа банкуудыг гадныхны аманд тавьж өггөх шалтгаан нь 1 их наяд хүрээд байгаа чанаргүй зээл гэж яривал би хувьдаа тун их эгдүүцэх байна.Төр бодлогоо цэгцлэхгүй бол, бизнесийн орчныг эрүүлжүүлж өөд нь татахгүй бол гадны байтугай харь гарагийн банк орж ирж хамгийн доод хүүтэй зээл өглөө ч нэмэргүй. Зээлдэгчийн ашиг багасаад, орлого хумигдаад, боломж багасаад байвал асуудал гинжин хэлхээгээр цаашилна.

 

Нөгөө талд зээлийн хүүгийн асуудал гол сэдэвт байна. Хэдэн захирал нь виски шимж байгаад тохиролцоод нэмчихдэг шатахууны үнэ шиг банкны зээлийн хүүг арилжааны банкууд дур мэдэн тогтоогоод байдаг гэж яриад байх нь бусдыгаа хэт тэнэг гэж хэлсэнтэй адил. Монголбанк гэж том аав зах зээлийн харилцаа өрсөлдөөн, дүрэмд нийцүүлэн аюулгүй байдлаа тооцон улсын мөнгө санхүүгийн бодлогыг хэрэгжүүлж байхад багачууд нь зохиомлоор хүүгээ өсгөж хүний мөнгийг түгжээд байх эрхгүй. Нөгөө талд төр засгийн "поп” амлалтыг биелүүлэх шахалт тулгалтаар хүүгээ хүчээр буулгах боломжгүй. 

 

Гадны банк орж ирэх, тухайлбал "Bank of China” орж ирснээр өрсөлдөөн бий болж зээлийн хүү буурна гэх бол улсын санхүү мөнгөний бодлогын суурь том асуудал ярьж байхад дэндүү хувиа бодсон тайлбар. Нөгөө талаас энэ залхмаар болчихоод байгаа хямралын цуврал  мэдээний ард олон нийт улсаа үнэт зүйлээ мартаж таг сохорч мэдэхийн дохио. Зээлийн хүү бууруулах энэ улсын амин чухал асуудал, нийгмээрээ шуугих сэдэв болсон юм бол хэлэх үг алга.

 

Төр бодлогоо цэгцлэхгүй бол, бизнесийн орчныг эрүүлжүүлж өөд нь татахгүй бол гадны байтугай харь гарагийн банк орж ирж хамгийн доод хүүтэй зээл өглөө ч нэмэргүй. Зээлдэгчийн ашиг багасаад, орлого хумигдаад, боломж багасаад байвал асуудал гинжин хэлхээгээр цаашилна. Үйлдвэрлэл худалдаа, бизнес өргөжих боломж улам бүр давчуу болж байгаа энэ зургаараа гадны банк залан авчирвал ямар нөхцөл үүсэх вэ. Бага хүүтэй өргөн боломжтой зээлээр дамжин мөнгөний урсгал гадны хяналт хамааралд хэт орж, барьцаа хөрөнгө нь өөр улсын мэдэлд шилжих гээд энгийн хүмүүсийн төсөөлж буй айдсыг дэмжээд хэдэн үг нэмчихмээр байна. Гэвч дээр хэлсэн зарчмаа барьж банк санхүү талаар туйлын сайн мэддэггүй тул үүгээр зогслоо.

 

Манайд зээлийн хүү өндөр буюу жилийн 24-36 хувь байгаа нь асуудал мөн. Харин үүнийг шийдэх ганц арга нь гадны банк гэвэл санал нэгдэхгүй байгаа юм. Банкууд хоорондоо ярилцаж зээлийн бүтээгдэхүүнээ солонгоруулж хүүгээ багасгах боломж хайх. Энэ талаар санал нэгдэж ширээний ард суух нь зөв санагдана. Тэгээд амжихгүй бол яая гэхэв. Welcome "Bank of China” гэе дээ.

Үргэлжлэл бий...

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Эх сурвалж: http://www.shuud.mn/content/read/474382.htm

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?