📅

Монголчууд цалингийнхаа 90 хувийг, Солонгосчууд 10 хувийг байрны түрээсэнд зарцуулдаг

🕔 2023/07/25 11:28

Монголчууд цалингийнхаа 90 хувийг, Солонгосчууд 10 хувийг байрны түрээсэнд зарцуулдаг

 

Монгол болон БНСУ-д байрны түрээс цалингийн хэдэн хувьтай тэнцдэг тухай энэ удаагийн “Тэд, Бид” буландаа онцолж байна.

 

Хоёр өрөө байрыг дундажаар 1.5 сая төгрөгөөр түрээслэнэ

 

Монгол Улсын нийслэл хотод нийт хүн амын 50 гаруй хувь нь амьдардаг. Түүнчлэн жил бүр сургуульд суралцах оюутнаас эхлээд ажил хийхээр зорьж ирэх урсгал орон нутгаас тасардаггүй. Багадаа л 60 мянган гаруй хүн Улаанбаатар хотод түр оршин суугчаар шилжиж ирдэг статистик мэдээлэл бий. Статистикийн газрын гаргаж буй мэдээллээр Улаанбаатар хотод 380 мянга гаруй өрх байгаагийн 220 мянга нь гэр хороололд, үлдсэн хэсэг нь орон сууцанд амьдардаг гэжээ.

Нийслэлийн оршин суугчдын багагүй хувь нь түрээсийн сууцанд амьдардаг бөгөөд түрээслэгчдийн дийлэнхийг 40-өөс доош насны залуус эзэлдэг тухай мөн статистик мэдээллээс харж болох юм. Залуу гэр бүлийн хувьд орон сууц шууд худалдан авах боломж хомс учраас тэд амьдралын тав тухыг бүрдүүлэхийн тулд түрээсийн байр сонгодог тухайгаа хэлж байсан юм.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн иргэн Э.Тунгалагтуяа “Би найзынхаа хамтаар орон сууц түрээслэж амьдардаг. Бид сар бүр 1.2 сая төгрөгийг түрээсийн төлбөрт зарцуулж байна” гэсэн юм. Тэрбээр Отгонтэнгэр их сургуулийг хятад хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн. Одоо хувийн компанид менежер хийж байна. Түүний сарын цалин 1.6 сая төгрөг. Залуу хүний хувьд бие даан амьдрахыг зорьж найзтайгаа хамт байр түрээслэх санал тавьсан ажээ. Түүний сарын нийт орлого 1.6 сая. Тиймээс амьжиргааны зардал болон бусад урсгал зардлаа гаргахын тулд найздаа хамт байр түрээслэж амьдарч байгаа юм. Манай улсад түрээсийн орон сууцны тухай хууль байдаггүй. Харин түрээсийн гэрээний журам гэж бий. Түүнчлэн түрээсийн үнэд хяналт тавьдаг газар байхгүй. Тиймээс орон сууцны түрээсийн төлбөр хяналтгүй өссөөр байдаг. Манай улсын цалингийн дундаж хэмжээ энэ оны гуравдугаар улирлын байдлаар 1.7 сая төгрөг байгааг статистикчид хэлсэн.

Харин түрээсийн орон сууцны дундаж үнэ 1.5 сая төгрөг байгаа юм. Өөрөөр хэлбэл, монголчууд нийт цалингийн орлогынхоо 86 хувийг түрээсийн орон сууцны төлбөрт зориулж буй. Энэ талаар хүмүүсийн хамгийн их ханддаг “Unegui.mn” сайтад нэг өрөө байрны түрээс нэг сая төгрөг байгаа бол хоёр өрөө байрных хамгийн багадаа 1.2 сая төгрөг байгаа юм. Түүнчлэн 3-4 өрөө байр 1.5 саяас эхэлж байлаа.

Мөн түрээсийн нөхцөл нь гурван сараас дээш сараар төлбөр төлөх ёстой бөгөөд нэг сарын барьцаа авахаар гэрээндээ тусгалдаг байна. Үүнийг дундаж цалинтай харьцуулахад хэт өндөр дүн гэдгийг түрээслэгчид болоод эдийн засагчид хэлж байна. Үндсэн оршин суугчдын хувьд нөхцөл байдалдаа тохируулан зохицуулалт хийдэг ч түр оршин суугчдын хувьд хүндрэл дагуулдаг асуудал нь энэ ажээ. Учир нь тогтвор суурьшилтай амьдрах эсэхээ шийдээгүй тохиолдолд түрээсийн орон сууцнаас өөр сонголт тэдэнд байдаггүй тухай Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотод ирж оршин сууж буй МУИС-ийн оюутан Б.Төгөлдөр ярьж байлаа. Түүний хувьд их сургуульд суралцах дөрвөн жилийн турш хоёр дүүгийнхээ хамтаар амьдрахын тулд түрээсийн орон сууц сонгохоос аргагүйд хүрдэг байна.

 

Солонгост хоёр өрөө байрны дундаж үнэ 810.000 төгрөг

 

Түүнийг Б.Бадмаараг гэдэг. БНСУ-ын Hongseong хотод хэлний бэлтгэлд суралцдаг. Их сургуульд болон хэлний бэлтгэлд суралцаж байгаа оюутнууд долоо хоногт 10 цагийн ажил хийх ёстой аж.

Энэ тухайгаа Б.Бадмаараг “Солонгост нэг цагийн ажлын хөлс 10 мянган вон. Би өдөр бүр хоолны газарт  таван цаг ажилладаг. Сард 1.5 сая вонын цагийн ажил хийдэг. Үүнийг байр, хоол, хэрэглээндээ зарцуулж байна” гэв.  Солонгос улсад байрны түрээс 250-500 мянган вон.бөгөөд байр түрээслэхэд барьцаа мөнгө өндөр байх тусам сарын түрээс нь хямдардаг байна.

Тухайлбал, хоёр өрөө байр 300 мянган воноор түрээсэлжээ. Ингэхдээ барьцаа болгон нэг сая воныг төвлөрүүлжээ. Солонгост түрээсийн байрууд гал тогооны тавилга, угаалгын машин, хувцасны шүүгээтэй байдаг. Тиймээс өөрийн хэрэглээний зүйлсээ аваад очиход болдог тухай Б.Бадмаараг ярьсан юм. Солонгосын эрх баригчид 2020 онд “Түрээслэх, түрээслүүлэх тухай хууль”-ийг баталсан байна. Тиймээс түрээсийн байр хамгийн үнэтэй нь  500 мянган вон байдаг ажээ. Солонгосчуудын цалингийн доод хэмжээ 2.2 сая вон. Сард 5.9 сая төгрөгийн цалинтай.

Орон сууцны түрээсэнд дунджаар 800 мянган төгрөг. Гэтэл түрээсийн орон сууцны төлбөр нь цалингийнх нь 10 хүрэхгүй хувьтай тэнцэнэ. Энэ л амьдралын болоод амьжиргааны хэв маягийн ялгаа юм.

Үүнээс харахад Монголчууд бид цалин болон инфляцтайгаа уялдуулан орон сууц “түрээслэх, түрээслүүлэх” хуулийг батлах зайлшгүй шаардлага тулгарчээ. Тус хуульдаа нэг болон хоёр, гурван өрөө түрээсийн байрны үнэ, тавилгын стандарт зэргийг тусгах цаг болжээ.

 

 

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?