📅

Н.Энхбаярт барьцаалагдсан эрх баригчид

🕔 2016/06/16 10:01

2012 оны наймдугаар сарын 9. Ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар Н.Алтанхуягийг томилов. Түүнийг томилох үеэр гишүүн Ц.Нямдорж "1998 онд Ерөнхий сайд М.Энхсайханы бий болгосон "элсний 13”, 2006 онд Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг түлхэж унагасан Ардын намын "элсний 13” хамтран Засгийн газар байгуулах гэж буй нөхдийн дунд байна. Нэг урвасан хүн хоёр дахиа урвадаг юм. Тун удахгүй та нар Н.Алтанхуягийн араас хутга шаачихаад алга болно” гээд эмгэнэл илэрхийлэхийн ялдамд Засгийн газрынх нь насыг асууж байв.
Түүний үг хатуу ч гэсэн үнэн байсныг өнөөдөр бид харж сууна. Н.Алтанхуяг АН-ын түүхэнд хамгийн удаан ажилласан Ерөнхий сайд болсон ч бүрэн засаглаж чадалгүй, хоёр жил гурван сарын дараа ажлаа өгсөн. Энэ бол засаглаж чаддаггүй АН-ынхны замбараагүй амбиц, эрх мэдлийн төлөөх эх адаггүй тэмцлийн төлөөс нь Н.Алтанхуягаар туг тахьсан явдал байв. Бас экс Ерөнхийлөгч Н.Энхбаярт барьцаалуулсан эрх баригчид Н.Алтанхуягийг золиос болгосон юм. 2014 оны аравдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар хамтын ажиллагааны гэрээгээ гэв гэнэт шинэчилж, гарын үсэг зурцгаасан нь АН-ынхныг яах аргагүй цочирдуулсан. МАХН-ын "малгай” байсан "Шударга ёс” эвсэлтэй гэхээс илүү Н.Энхбаяртай хийсэн улс төрийн тохиролцоо болохыг улстөрчид, ажиглагчид хэлж байлаа. Үнэхээр ч намынхаа дүрмийг зөрчин байж Н.Энхбаяртай 2024 оныг дуустал хүчин төгөлдөр үйлчлэх хатуу заалт бүхий гэрээ байгуулсан нь түүнд барьцаалуулах зүйлтэй хүн дуусаагүйг нотолсон. Үнэхээр ч гарын үсэг зурсан хамтран ажиллах гэрээнд 2016, 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд АН, МАХН-тай түншлэн оролцох, тэр ч бүү хэл тойрогт нэр дэвшигчдийг "тохиролцох” тухай заалтууд тусгасан нь ил болсон юм.
Харамсалтай нь Н.Алтан­хуягаар асуудал дуу­саагүй. Дараагийн Засгийн газрын "амь” ч Н.Энхбаярын гарт байсан юм. Шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгийг огцруулах санал "амилж”, суудал нь дэнжигнэж эхлэхэд тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаяртай Шадар сайдын сэнтийгээр тохирч байж тогтож үлдсэн гэдэг. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд огцруулахгүйн тулд Н.Энхбаярт Шадар сайдын суудал амалж, Ц.Оюунбаатарыг Шадар сайдаас нь Эрүүл мэнд, спортын сайд болгох тохироо хийснийг тухайн үед олон эх сурвалж хэлж байсан. Эл шуугианы гол эзэд ч үгүйсгээгүй. "Шударга ёс” эвслийн бүлгийн гурван гишүүн болох Г.Уянга, Л.Цог, О.Баасанхүү нарын санаачилсан Ерөнхий сайдыг огцруулах "хөдөлгөөн” ажиглагчдын таамаглаж байсанчлан хараахан өрнөөгүй ч Ч.Сайханбилэг суудалдаа үлдсэн.
Н.Энхбаярт барьцаалуулсан эрх баригчдын паян үүгээр дуусахгүй. МАХН-ын дарга Н.Энхбаяр ханаж үл цадах шунал, амин хувиа хичээсэн эрх ашигтаа хөтлөгдөн хоёр намын хооронд цаас барьж гүйсээр хоосон хоцорсон нь түүх болон үлдлээ. МАН, МАХН эвсэх, эсэхийг тойрч өрнөсөн үйл явцыг харахад Н.Энхбаяр өдөр ирэх тусам өөртөө итгэлтэй болж, хамтарсан ажлын хэсэгт МАХН-аас тавих болзол яван чангарч ирсэн нь эрхгүй анхаарал татаж буй юм. Ямар сайндаа л ажлын хэсгийн уулзалт болгонд өөрсдөдөө илүү ашигтай санал тавьж ирсэн МАХН-ынхан "Женко” Баттулгыг "Баянгол”-оос баривчлах нь гэх дуулианы дараа бүр ч маадгар болох вэ дээ. Тухайн үед Намбарын хүүд найдвар төрүүлж, итгэл төрүүлсэн хүн нь эрх баригч АН-ын дарга байсан гэдэг. Н.Энхбаярыг тойрон хүрээлэгчид нь МАН-ынхантай ярьж, тохирч буйгаа ноороглож ч амжаагүй байхад тэр ярьж, зөвшилцсөнөө АН-ын даргад хэлж, хоёр Энхболдоос хожил хайж, "биеэ үнэлсэн” юм билээ. "Олонх болгоод өгөөч” хэмээн уйлах нь халаг ярьж, ямар ч хамаагүй аргаар ялалт байгуулахыг хүсэж буй эрх баригч намын дарга МАН, МАХН эвсчихвэл яавч өөдтэй юм болохгүй гэж сэтгэхдээ Н.Энхбаяртай уулзаж, утас цохих бүрт илүү таатай зүйл санал болгосон биз. Тэр нь Н.Энхбаярыг л өршөөх зорилготой гэх нэгэн тогтоолын төслийг гэв гэнэт УИХ-д оруулж ирэн, Байнгын хорооны босго давснаар илэрч болох. Ер нь тэд юу, эсийг ярьж, тохиролцсон байж мэднэ.
Эндээс Н.Энхбаяр гэж ямар аймшигтай хүн болохыг мэдэрч, алхам тутамдаа болгоомжлох ёстойг ухаарч сууна. Н.Энхбаяр хэдий аймшигтай байлаа ч ганцхан хүний барьцаанд орж Засгийн газраа самруулсан эрх баригч, АН-ынхныг өрөвдөнө. Монголын улс төр хэдхэн хүний хэлэлцээ, яриа нэртэй хуйвалдаан, шантаажны талбар, аль нэгнийг нь л хөндөхөд нурж мэдэх хөзрөн байшин шиг болчихож хэмээн гутарна. Эх орон, эн тэргүүний ашиг сонирхлынхоо төлөө чөтгөрт сүнсээ худалдъя гэж хэлж үл зүрхлэх улстөрчид олширч, харин ч болоод л өнгөрөх сонгуулиар сэнтий эзлэх зорилгодоо хөтлөгдөн, хэнтэй ч, юуг ч үгсэн тохирч, хуйвалдан найрч, хүч түрэх байдал газар авч буйд эмгэнэнэ. Аз болоход бидэнд ардчилсан сонголт хийх боломж буйд баярлана.

Эх сурвалж:

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?