Б.Энхбаяр гишүүний "Хайрын хууль"-ийн онцлог юу вэ
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн өргөн барьсан Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслөө "Хайрын хууль" хэмээн тодотголоо.
Учир нь, уг хууль батлагдсанаар хайрыг сурталчилж, бусдыг энэрэх, ойлгох, хайрлах үзлийг түгээн дэлгэрүүлнэ гэв. Уг хуулийг өргөн барихад иргэд хүүхдийнхээ эрхийг хамгаалж чадахгүй байж нохой, муурны эрх ярилаа хэмээн шүүмжилж байсан. Үүнд, ажлын хэсгийнхэн хариулт өргөхдөө нохой, муур зэрэг гэрийн тэжээвэр амьтныг хайрлаж, ойлгож чадахгүй хүн хүүхдээ ч, хүнийг ч хайрлаж чадахгүй хэмээсэн билээ. Нөгөө талаар энэ дэлхий зөвхөн хүнд зориулагдаагүй шүү гэдгийг хуулиараа ойлгуулах аж.
Өөр нэг онцлог бий. Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл нь иргэдээс, иргэний нийгмийн байгууллагаас боловсруулж, түүнийгээ хууль санаачлагч эрх бүхий хүмүүст хүргүүлж дэмжлэг авч чадсанаар УИХ-аар хэлэлцүүлэгдэж буй анхны хууль юм.
Тодруулбал, манай Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 1-т "Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрхтэй" гэж заасан. Энэ заалт Үндсэн хууль батлагдсанаас хойш тогтмол хэрэгжсэн. Мөн 26 дугаар зүйлийн 2-т "Иргэд, бусад байгууллага хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжилна" хэмээн тусгасан байдаг. Энэ заалт Үндсэн хуулийн 30 жилийн хугацаанд огт хэрэгжээгүй. Иргэн, иргэний нийгмийн байгууллага хуулийн төслийн санал санаачлагууд гаргаж байсан ч УИХ-аар хэлэлцэгдэж байсан удаагүй юм. Харин Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль энэ заалтыг амь оруулжээ.
Хамгийн гол нь энэхүү жишээ нь иргэн болоод иргэний нийгмийн байгууллагууд өөрт тулгамдаж буй асуудал, тэр асуудлыг шийдэх бодлогоо төрдөө уламжилж, түүнийгээ хэлэлцүүлж болдог гэдгийг томруунаар харуулж буй билээ. Уг хуулийн төслийг байнгын хороо дэмжсэн бөгөөд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр хэлэлцэх эсэхийг нь хэлэлцэнэ.
https://itoim.mn/a/2023/04/06/parliament/sxr
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих