📅

Нүүрсний хулгайг нуучихаад “...Нуур, нугас хоёр амгалан” гээд сууж байсан бол...?!​​​​​​​

🕔 2022/12/08 10:25

Нүүрсний хулгайг нуучихаад “...Нуур, нугас хоёр амгалан” гээд сууж байсан бол...?!​​​​​​​

 

Монголчуудын “...Хэрүүлийн алим” дэлхийд гарлаа. Ер нь бол нүүрсний хулгайг “...Хэрүүлийн алим” гэхэд дэндүү зөөлдөнө. Яагаад гэвэл дэлхийн олон улс орны хэвлэл “...Улсынхаа боломжийг хулгайлсан улстөрчдийн эсрэг ард түмэн нь жагсаж байна” гэж мэдээлж байгаа нь үнэн. Тиймээс “...Дэлхийн шившиг боллоо” гэж халаглаад байх хэрэггүй юм.

Нүүрсний хулгайч МАН-д ч бий, АН-д ч байна. Хохирлыг тооцвол хэдэн их наяд гарна. Жинхэнэ алдагдсан боломж бол энэ. Маш харамсалтай. Ёстой л хонио чононд хадгалуулж ирсэн байгаа юм. Лавтай 10 гаруй жил ингэж зооглуулсан байдаг шүү. Нөгөөдүүл ч сайхан зоолж авсан.

Нүүрсний хулгайг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал хэд хоног үргэлжиллээ. Жагсаалын “бай”-г өөрчлөх ажиллагаа энэ үеэр явагдлаа. Явсаар байгаад нүүрсний хулгайг гаргаж ирсэн засаг руу чиглүүлж ч үзэв.

Яг үнэндээ нүүрсний хулгайг илчилсэн нь энэ засаг түүхэн шийдвэр болж үлдэнэ шүү. 10 гаруй жилийн түүхтэй энэ хулгайг өмнөх бүх засаг, эрх баригчид мэдэж л байсан. Ингэж барьж авч, гаргаж ирээгүй.

Дээрээс нь нүүрсний хулгайг зогсоож, алдагдсан боломжийг илчлэх цаг үеийн шаардлага ч үүссэн. Ковид, араас нь Орос, Украйны нөхцөл байдал гээд Монголын байтугай, дэлхийн эдийн засаг хүндэрсэн. Импортоор амьдардаг Монголын хувьд маш хүнд цохилтод орж байгаа юм. Хятад хилээ хааж, Орос “цорго”-оо хаахад л монголчууд бид яаж алийгаа алдаж байна даа. Үндэсний үйлдвэрлэл, бүтээн байгуулалтыг гацааж 30 жил хоосон улстөржсөний гай л энэ.

Тэгэхээр одоогийн болоод ирээдүйн хүнд үеийг бид яаж туулах вэ. Энэ бол энгийн хэрнээ маш хүнд асуулт болсон. Хариулт олоход маш хүнд. Харин ганц гарц байсан. Тэр нь алдагдсан боломж буюу Монгол Улсын эдийн засгаас хоёр дахин их нүүрсний хулгайн далд эдийн засгийг илчилж, “албан ёсны” болгох юм.

Учир нь эдийн засгийн судсыг тэжээх цорын ганц гэж болох “цус” нь нүүрс байдаг. Гэтэл гуравны хоёр шахам нь нь хулгайн замаар ороод алга болчихдог. “...Таван литр сүү борлуулаад ир” гэхээр хоёр литрийнх нь мөнгийг л авчирч өгдөгтэй ижилхэн.

Шулуухан хэлэхэд, нүүрсний хулгайг зогсоохгүйгээр хэдэн мянган төмөр зам бариад тус болохгүй. Хэдэн арван боомт нээгээд ч хэрэг байхгүй. Явж явж “...Баялгаа тэнцүү хувааж идье” гэвэл энэ нүүрсний хулгайг таслахаас өөр ямар ч замгүй. Нэг үгээр, Л.Оюун-Эрдэнийн засагт одоо олон нийтийн тавиад байгаа шаардлага л үүссэн байгаа юм.

Гэвч нүүрсний хулгайг ил болгож, хулгайч нарыг нь барьж авна гэдэг айхтар хэцүү ажил аж.

Нүүрсний хулгайн зарим хэрэг 2012 онд ч ил болж байв. 2017 оны үед том нүүрсэн мөргөцөг хулгайлсан нь бас илэрсэн. Нүүрсний гэрээ гээд бас л 10 жилийн “түүхтэй” хулгай байдаг.

Гэвч өнөөдрийг хүртэл энэ хулгай тасралгүй, улам батжиж бүдүүрсээр ирсэн байгаа юм. Одоо энэ жагсаалаас тодорхой харж болно. Олон нийтийн жагсаалыг яаж хувиргаж байгаагаас шүү дээ.

“...Нүүрсчид мөнгөтэй байна. Хүчтэй байна” гээд Ерөнхий сайдын хашгираад байгаа нь үнэн. Хавар дөрөвдүгээр сард нүүрсний хулгайгаар мэдэгдэл хийсэн. Түүнээс хойш хууль хяналтынхан эрчимтэй ажилласан ч  дорвитой үр дүн гаргасангүй. Яагаад гэвэл нүүрсчид мөнгөтэй, хүчтэй байгаа учраас тэр.

Нөгөөтэйгүүр энэ хулгайч нарыг ховх татахын тулд тогтолцооны өөрчлөлт хийх шаардлагатай. Одоогийн тогтолцоо мухардалд орчихсон байна. Мухардалд орчихсон учраас Орос үлгэрийн манжин шиг сугарч өгөхгүй байгаа юм. Тэр нь тодорхой харагдаж байна. Тэр ч байтугай, нүүрсний хулгайч нар олон нийтийн жагсаалд “оролцчихсон” тууж явах юм. Хулгайч нь тэмцэгчийн дүртэй, тэмцэгч нь хулгайчийн оронд нүдүүлж байна шүү.

За яахав, одоо байгаа парламент, засаг хоёроо огцрууллаа гэж бодъё. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй. Магадгүй, нүүрсний хулгайг зарласан засгийн оронд нүүрсний хулгайч нар гарч ирнэ шүү. “...Мухардал” гэж үүнийг хэлээд байгаа юм. Тэгэхээр зүгээр л “...Давхар дээл” шиг биш, тогтолцоогоо үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Хамгийн гол нь олон нийтийн сонгох эрх хангагдах учиртай.  Ийм л цаг үеийн шаардлагатай нүүр туллаа.

Эцэст нь ганц үнэнийг хэлэхэд, нүүрсний хулгай дээр хоёрхон тал бий. Нэг талд нь нүүрсний хэдхэн хулгайч, нөгөө талд нь 3.4 сая монголчууд байгаа юм. Өөрөөр хэлбэл, жагсагчид, засаг хоёр нэг талынхан гэсэн үг. Хэрэв засаг нүүрсний хулгайг нуучихаад “...Нуур, нугас хоёр амгалан” гээд сууж байсан бол...?! Тэгсэн бол асуудлыг шал өөрөөр ярих ёстой юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 238 (6970)

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?