Б.ЧИНЗОРИГ: Хүүхэд зун осолд өртөн хохирч буй нь асран хамгаалагчидтай холбоотой
Зам, тээврийн ослын улмаас 2021 онд хүүхэд хохирсон гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг Тээврийн прокурорын газар (ТПГ)-аас судалжээ. Тус газрын хяналтын прокурор Б.Чинзоригтой хүүхэд хохирсон осол юунаас болж гарч буй талаар ярилцлаа.
-Зам, тээврийн ослын улмаас хүүхэд эрүүл мэнд, амиараа хохирох явдал цөөнгүй гардаг. ТПГ-аас хүүхэд өртсөн ослын талаар судалсан байна. Өнгөрсөн онд хэчнээн ослын хохирогч нь хүүхэд байсан гэсэн статистик гараа бол?
-Бидний хийсэн судалгааны зорилго нь насанд хүрээгүй хүн зам, тээврийн ослын улмаас эрүүл мэнд, амиараа хохироход нөлөөлж буй шалтгаан нөхцөлийг тогтоох, үүнд үндэслэн арилгуулах талаар хуульд заасан арга хэмжээ авахад чиглэсэн юм. Тус прокурорын газраас 2021 онд хяналт тавьсан, зам тээврийн осолтой холбоотой гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, гарсан хэргийн хэмжээнд уг судалгааг хийлээ. Хүүхэд хохирсон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр УЕПГ-аас “Хүүхэд бүрийн төлөө” уриан дор зохион байгуулж буй “Хүүхдийн эрх” аяны хүрээнд энэ судалгаа багтсан.
2021 онд Монгол Улсад 22 482 зам, тээврийн осол бүртгэгдсэний 19 218 буюу 85.4 хувь нь нийслэлд байжээ. Энэ тоо 2020 оныхоос 705 буюу 3.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ ташрамд дурдахад, ТПГ нь нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутагт үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-ын Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэсэн зүйлд заасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж, төрийг төлөөлөн шүүх хуралд оролцдог юм.
Дээрх тоон мэдээлэлд дурдсан, нийслэлд гарсан зам, тээврийн ослын 3031 нь Хан-Уул, 3224 нь Баянгол, 4493 нь Баянзүрх, 3657 нь Сүхбаатар, 3071 нь Сонгинохайрхан, 1529 нь Чингэлтэй, 44 нь Багануур, 10 нь Багахангай, 159 нь Налайх дүүргийн нутагт үйлдэгджээ. Нийслэлд 116 хүн амиа алдсан бөгөөд улсын хэмжээнд зам, тээврийн ослын улмаас нас барсан 383 хүний 30.3 хувь нь гэсэн үг. Улсын хэмжээнд энэ төрлийн ослын улмаас амиа алдсан 383 хүний 51 буюу 13.3 хувь нь 17 хүртэлх насных. Нас барсан нийт хүүхдийн 11 буюу 21.6 хувь нь хотод зам, тээврийн осолд өртсөн байна.
-Осол гарахад хэний буруутай үйл ажиллагаа их байна вэ?
-Ихэнхэд нь жолооч буруутай байна. Тодруулбал, нийслэлд гарсан 19 218 зам, тээврийн ослын 18 818 буюу 97.9 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс, 379 буюу хоёр хувь нь явган зорчигчийн буруугаас, 21 буюу 0.1 хувь нь замын нөхцөлөөс шалтгаалж гарчээ. 2021 онд нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутагт насанд хүрээгүй хүний амь, эрүүл мэндэд хохирол учруулсан зам тээврийн осол, хэрэгт 172 жолооч холбогдон шалгуулсан байна. Үүний тав буюу 2.9 хувь нь 18-аас доош, 46 буюу 26.8 хувь нь 18-28, 68 буюу 39.5 хувь нь 29-39, 33 буюу 19.2 хувь нь 40-50 насны, 20 буюу 11.6 хувь нь 51-ээс дээш насныхан. Олонх нь эрэгтэй бол, 33 эмэгтэй жолооч, 44.2 хувьд нь дээд боловсролтой байлаа.
Энэ 172 жолоочийн олонх болох 60 нь хувийн хэвшилд, 45 нь эрхэлсэн ажилгүй, 30 нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүн байх жишээтэй.
Зам тээврийн осол, хэрэгт холбогдон шалгуулсан 172 жолоочийн 114 нь 2007 оноос хойш тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болсон юм билээ. Мөн 14 хүн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй машин барьж яваад осол гаргасан байв.
-Хүүхдүүд замын хөдөлгөөнд харгалзах хүнгүй оролцсоноос осолд өртдөг. Харгалзах хүнгүй явсан хэчнээн хүүхэд хохиров?
-Өнгөрсөн онд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт насанд хүрээгүй 183 хүн зам, тээврийн ослын улмаас эрүүл мэнд, амиараа хохирсны тав буюу 2.7 хувь нь гурав хүртэлх, 18 буюу 9.8 хувь нь 3-5, 50 буюу 27.3 хувь нь 6-9, 52 буюу 28.4 хувь нь 10-13, 58 буюу 31.7 хувь нь 14-17 настай байжээ.
Олонх буюу 62.9 хувь нь эрэгтэй, 137 нь ерөнхий боловсролын сургуульд суралцдаг хүүхэд.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 дугаар зүйлд 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байхаар хуульчилсан. Гэвч осолд өртөж хохирсон 183 хүүхдээс 53 нь явганаар замын хөдөлгөөнд оролцож байсан 10 хүртэлх насныхан бөгөөд тэдний 22 нь харгалзах хүнгүй явж байжээ.
Ер нь хүүхдүүд ихэвчлэн явган явж байхдаа осолд өртсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл, статистик мэдээллээс харахад 128 нь явганаар, 46 нь тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ, ес нь унадаг болон цахилгаан дугуйгаар хөдөлгөөнд оролцож явахдаа зам тээврийн ослын хохирогч болсон байв. Осолд өртсөн хүүхдүүдийн 94-т нь хөнгөн, 35-д нь хүндэвтэр, 11-т нь хүнд хохирол учирсан. Нийслэлд өнгөрсөн онд зам, тээврийн ослын улмаас зургаан хүүхэд амиа алдсан бөгөөд тэд бүгд явган явж байхдаа ийнхүү хохирсон байна.
-Урин дулаан цагт хүүхдүүд гадаа тоглож байхдаа энэ төрлийн ослын хохирогч болдог байх, тийм үү?
-Өнгөрсөн онд насанд хүрээгүй хүн хохирсон ослын дийлэнх нь зун, намар гарчээ. Тухайлбал, 64 нь зун, 57 нь намар, 31 нь өвөл, 24 нь хавар осолд өртсөн байсан.
Хугацаагаар нь авч үзвэл 56 буюу 31.8 хувь нь 06.00-13.00, 82 буюу 46.6 хувь нь 14.00-19.00, 26 буюу 14.8 хувь нь 20.00-22.00, 12 буюу 6.8 хувь нь 23.00-06.00 цагийн хооронд хохирсон байгаа юм.
Эндээс таны хэлсэнчлэн урин дулаан цагт осолд өртөж байна гэж дүгнэж болох байх.
Хүүхэд зун зам тээврийн осолд өртөж хохирсон нь бусад улирлаас их байгаа нь эцэг, эх, асран хамгаалагчдын зүгээс хүүхдүүддээ тавих анхаарал суларсантай холбоотой гэж үзэж болох юм.
-Жолооч нар гарцын шугамтай хэсгээр зам хөндлөн гарч яваа насанд хүрсэн хүн битгий хэл, хүүхдэд ч зам тавьж өгөхгүй хурдаа нэмэн дайрчих шахам давхих тохиолдол цөөнгүй ажиглагддаг. Иймэрхүү байдлаар хүүхдийн эрүүл мэнд, аминд хохирол учруулсан тохиолдол судалгааны явцад харагдав уу?
-Насанд хүрээгүй хүн хохирсон зам тээврийн 176 ослоос үзэхэд жолоочийн буруутай үйлдэл их бий. Судалгааны дүнгээс харахад дээрх 176 ослын 121 буюу 68.7 хувь нь жолоочийн буруутай үйлдлийн улмаас осол гарсан гэсэн тоон үзүүлэлт бий.
Эрх зүйн зохицуулалтын хувьд жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөний улмаас хүний хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан тохиолдолд хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурав хүртэл жил хасаж, мөн хугацаагаар хорих ял оноодог.
Ослын улмаас хүний амь хохирсон тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жил хүртэл хасаж, таван жил хүртэл хорих ял оноодог. Энд нэг жишээ татъя л даа. Иргэн Г 2021 оны арваннэгдүгээр сарын 29-ний 17.00 цагийн үед Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг, Хасбаатарын гудамжны замд “Киа бонго-3” загварын улсын дугааргүй тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчин тээврийн хэрэгслээрээ явган хүний замаар зорчсон, өвлийн улиралд цаг агаарын нөхцөлд тохирохгүй дугуйтай явсны улмаас халтирч насанд хүрээгүй явган зорчигчийг дайрч амийг нь хохироосон хэргийг шүүхээр шийдвэрлэсэн. Жолооч Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил хасаж, нэг жил зургаан сарын хорих ял оноосон.
Хэдийгээр зам тээврийн осол болгоомжгүйгээр үйлдэгддэг боловч жолооч хайхрамжгүйгээсээ тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй нь осол гарах шалтгаан болдог. Жолооч нар гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаж, явган зорчигчид зогсож зам тавьж өгөөгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлж, 60 км/цагаас илүү явсан, улаан гэрэл асчихаад байхад зөрчиж давхисан, хороолол доторх замд явган хүнд зам тавьж өгөөгүй, явган зорчигчид зам тавьж өгөхөөр зохицуулсан дүрмийн заалтуудыг биелүүлээгүй, автомашинаа хөдөлгөхөөс өмнө зам, орчны байдлыг шалгаагүй, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийгээгүй, суурин газрын гаднах замд амрах, хонох зэргээр удаан зогсохдоо машинаа буруу байрлуулсан гэх мэтээр жолооч нар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс хүүхэд хохирсон нь цөөнгүй.
-Машины урдуур гэнэт гүйх, гарцгүй газраар зам хөндлөн гарах гэх мэтээр хүүхдүүд өөрсдөө осол гарах нөхцөлийг бүрдүүлэх нь бий шүү дээ.
-Тийм явдал бий. Судалгаанаас үзэхэд, явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гараагүйгээс осолд өртсөн 15 тохиолдол байна. Мөн ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйснээс осолд өртсөн 12, унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцохдоо замын зорчих хэсгийн баруун гар талын захаар яваагүйгээс осолд орж, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол ч бүртгэгдсэн байсан. Тухайлбал, 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны 11.43 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг, 19 дүгээр байрны баруун замд “Тоёота приус” загварын тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байх үедээ 11 настай Э-г дайрсан осол гарсан. Энэ осол гарах болсон шалтгаан нь дээрх хүүхэд явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарахдаа ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэлгүй, гүйснээс мөргүүлж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан байв. Энэ тохиолдолд жолооч хариуцлага хүлээхгүй бөгөөд явган зорчигч л эрүүл мэндээрээ хохироод үлдэж байна.
Энэ судалгаанаас үзэхэд насанд хүрээгүй хүн хохирсон зам тээврийн 176 ослын 121 буюу 68.7 хувь нь жолоочийн, 55 буюу 31.3 хувь нь замын хөдөлгөөнд явганаар оролцсон хүүхдийн буруутай үйлдлээс шалтгаалж гарсан гэсэн дүгнэлт гарч байна. Тиймээс жолооч нар замын хөдөлгөөнд оролцох сахилга, хариуцлага, соёлд анхаарах шаардлагатай нь ажиглагдсан.
Зам, замын байгууламж, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд өсөн нэмэгддэгтэй холбогдуулан жолооч бэлтгэж буй тогтолцоог боловсронгуй болгож, жолооны сургуульд суралцагч нарт Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, тээврийн хэрэгсэл жолоодох чадвар эзэмшүүлэхээс гадна замын хөдөлгөөнд сахилга баттай, хариуцлагатай, соёлтой оролцох ёс зүй, болзошгүй зам тээврийн осол, хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх талаарх нөлөөллийн чанартай эрх зүйн сургалтыг жолооч болж байгаа хүн бүрт орж, мэдлэгтэй болгох шаардлага бий.
Мөн хүүхэд, багачуудад багаас нь эхлэн замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцох хүмүүжил, соёлд суралцуулах сургалтын хөтөлбөрийг сургууль, цэцэрлэгийн шатанд хэрэгжүүлэх нь зүйтэй байна. Хүүхдийг харгалзахгүй хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулах зөрчил нийтлэг гардаг тул Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 дугаар зүйлд заасан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байхад чиглэсэн соён гэгээрүүлэх ажлыг хүн бүрт хүргэж, үр дүнтэй зохион байгуулах шаардлагатай.
Хүүхдүүд ихэвчлэн гэр, сургууль, цэцэрлэг гэсэн чиглэлээр явж байхдаа осолд өртсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцож, зам хөндлөн гарахдаа гарц, гарамтай хэсгээр гараагүй, асран хамгаалагчгүй ганцаараа явсан, ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн урдуур гүйсэн зэрэг үйлдэл осолд холбогдоход нөлөөлсөн. Хүүхдийг зам тээврийн осолд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг нь хангахын тулд гэр, сургууль, цэцэрлэгийн хооронд үйлчилдэг автобусны тоо хэмжээ, хүрэлцээг нэмэх нь зүйтэй.
Түүнчлэн осол гарахаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд зам, замын байгууламжийн стандарт, шаардлагад тавих төрийн хяналтын үр нөлөөллийг дээшлүүлэх нь чухал болжээ.
-Энэ бүхний эцэст жолооч болон эцэг эхчүүд, хүүхдүүдэд болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд юуг анхааруулах бол?
-Жолооч нар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд хариуцлагатай, соёлтой оролцож байх нь зам, тээврийн ослын улмаас бусдын амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаас, түүнчлэн ослын улмаас эрүүгийн болон зөрчлийн хариуцлага хүлээх явдлаас урьдчилан сэргийлнэ гэдгийг анхаарах шаардлагатай.
Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн өмнүүр хүүхэд гэнэт явах, гүйх, харгалзах хүнгүйгээр ганцаараа замын хөдөлгөөнд оролцох явдал гардагт анхаарч, болгоомжтой, сонор сэрэмжтэй, хариуцлагатай оролцох, явган зорчигч Замын хөдөлгөөний дүрэм зөрчин зам хөндлөн гарч байгаа тохиолдолд болзошгүй эрсдэлээс сэргийлж тээврийн хэрэгслийн хурдаа тохируулах, явган зорчигчид хүндэтгэлтэй хандан түүнийг өнгөрүүлж хөдөлгөөнөө үргэлжлүүлж байх, хашаа, орон сууцын хороолол дотор, түүнчлэн хүүхэд байж болзошгүй тоглоомын болон бусад газрын орчимд хөдөлгөөнд оролцох үедээ, мөн автомашинаа хөдөлгөхийн өмнө зам, орчны байдлыг сайтар шалгах, тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн, бүтэн байдалд байнга анхаарах, өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгсэлд зорчиж буй насанд хүрээгүй хүний аюулгүй байдлыг сайтар хангаж, зориулалтын хамгаалах бүс, хамгаалалтын суудал хэрэглэж хэвших нь чухал байна.
Хүүхдүүд зогсож байгаа тээврийн хэрэгслийн цаанаас гэнэт гүйж гарч ирэхэд бие нь жижиг, намхан байдаг учраас жолооч нарт тэр бүр харагдах боломжгүй тул энэ осол гарах шалтгаан болж буй юм.
Эцэг, эх, асран хамгаалагч нар 10 хүртэлх насны хүүхдээ харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх иргэний үүргээ хариуцлагатай биелүүлж, хүүхдүүддээ дүрмийн дагуу зөв, соёлтой, аюулгүй байдлаа ханган оролцож байх ойлголт, мэдлэг өгч, дадал эзэмшүүлэхэд онцгой анхааран, өөрсдөө хүүхдүүддээ зөв үлгэр, дуурайл үзүүлэх, тэднийг зам, замын байгууламжийн ойролцоо буюу замын хөдөлгөөний эрсдэл бүхий газарт явганаар зорчих, тоглох, унадаг дугуйтай явахаас нь сэргийлж, байнга анхаарал хандуулах шаардлагатайг сануулъя.
Сүүлийн үед хүүхдүүд цахилгаан дугуй буюу “Суррон” унаж авто замаар хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний мэдлэг дутмагаас дүрэм зөрчиж, осолд өртөн эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарах болсон. Хуульд 16 насанд хүрээгүй хүн цахилгаан дугуй унаж хөдөлгөөнд оролцох ёсгүй атал эцэг, эхчүүд энэ насанд хүрээгүй хүүхдэдээ ийм хөлөг авч өгч хөдөлгөөнд оролцуулдаг нь тэдний амь, эрүүл мэндийг эрсдэлд оруулж байгаа юм.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих