📅

“Давхар дээл”-тэй сайдын тоог нэмбэл олигархиуд улам даварна

🕔 2022/05/20 12:58

“Давхар дээл”-тэй сайдын тоог нэмбэл олигархиуд улам даварна

 

Улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор судлаач, профессор Д.Чулуунжавын бичин, 2012 оны 8-р сарын 11-нд “ТВ7” сэтгүүлийн №33-д нийтлэгдэж байсан өгүүллийг дахин нийтэлж байна.
 
Алдааг эрт залруулах нь улстөрийн соёлын илрэл мөн
Алдаа бол нэн түгээмэл шинжтэй үзэгдэл. Улстөрийн эрх мэдэлтнүүдийн хувьд алдах хувь нь онох хувиасаа их байх нь цөөн биш. Алдаа бүр нь хүндрэлийг үүдэж хохирол дагуулдаг.
Төрийн тогтолцооны дотоод үйл ажиллагаанд ямар ч шинжтэй, юунаас ч үүдэлтэй хүндрэл тохиолдож болдог. Хувь хүний алдаатай үзэл үнэлгээтэй холбоотой, бүлэг хүний цаг зуурын сонирхлоор үүдэгдсэн, намуудын харилцааны үл ойлголцсон бэрхшээлээр нөхцөлдсөн гэх мэтийн олон шалтаг, шалтгаанаар төрийн машины үйл ажиллагаа саатаж, доголдож гацаж, түр зогссон мэт болж ч болох юм. Зөвшилцөх, ойлголцох замаар ийм бэрхшээлүүдийг даван гарч, учраа ололцож байх нь хамгийн зөв арга, хандлага болно. Тохиолдсон бэрхшээлийг дөвийлгөж, тал талдаа бухимдал тарьж, харилцан мөчөөрхөж, тус тусдаа томорч зөрчлийг гүнзгийрүүлэх нь нэгэн төрлийн “нялхсын өвчин” юм. Эл өвчнийг анагаах аргыг туршлагагүй, хүлээцгүй, уян хатан бус, зөвшилцөх урлагт мохоо, илэн далангүй нээлттэй байдлын ач тусыг ойлгодоггүй зэрэг өөрсөд нь бугшмал шалтгаануудаас биш, харин огт өөр газраас эрж хайх нь элбэг байдаг. Энэ бол бас л өсөлтийн үүдэлтэй согог юм. Өмнө дурдсан шинж, байдал бүхий бэрхшээл 1996-2000 оны хооронд манай зарим улстөрчдөд өвчний хэлбэрээр, зарим улстөрчдийн хувьд эмгэгийн хэлбэрээр, харин заримынх нь хувьд эрэндэгийн хэлбэрээр тусаж эзэд нь өвчнөө таньж мэдээгүйн улмаас хүндрэн хүндэрсээр Монголын төрийн эмзэгхэн шинэ байгууламжийг нэрвэж хорлосон билээ. Өөр өөрт нь оноогдсон үүргийг гүйцэтгэн байх чадамж мөнхүү цаг үед хэн хэнд нь байгаагүйн харгайгаар МАХН ч тэр, АН ч тэр уучлахад бэрх алдаануудыг бараг алхам тутамдаа шахам гаргаж хөгөө чирсээр дөрвөн жилийг ардаа хийсэн юм.
 
1996-2000 он бол Монголын улстөрийн хоёр том намын удирдах бүлгийн тарыг таниулсан он жилүүд байв. 
74 жилийн туршид ээлж, халаагүй төрийи жолоо атгаж ирсэн атлаа УИХ дахь сөрөг хүчний эрх, үүргийг дөрөвхөн жилийн туршид шударгаар биелүүлчих мөс чанаргүй МАХН-ын удирдлага алдсан эрхээ л далд булаацалдсаар жирийн иргэдийн хувьд тохиосон алтан боломжит он жилүүдийг үр ашиггүй болгож хувиргажээ. Сөрөг хүчин л юм бол сөргөлдөх ёстой, олонхийн сэдсэн бүхэнд дэгээ тавьж унагаах учиртай, бид алдсан эрх дархаа л эргүүлж авч байвал татвар төлөгчдийн мөнгө улстөрийн талхилцааны явцад ус цас шиг ууршин одсон ч яадаг юм, болж л өгвөл АН-ын гэгдэх Засгийн газар ч үгүй, Ерөнхий сайд ч үгүй байлгасаар XX зууныг дуусгах юм хуна, 25 гишүүнтэй хүчтэй сөрөг хүчний гараас “ардчилагчид” гэх хуурамч нэр хаягтай хулхи залуус хаашаа зайлахыг нь үзнээ. 70 жил дархлагдсан намаас нүүр буруулсан хүмүүс харанхуй сууцгааж л байг!, тэсээд үлдэх чадавхгүй нь “үйлийн үр” гэж юу болохыг нео МАХН-ын нөгөө ертөнцөд хэвлүүлсэн тайлбар толиос олж үзэг! гэхчилэн бухимдацгааж архиралдан байсан билээ. Нэн шинэхэн сөрөг хүчний нялхсын өвчин иймэрхүү шинжүүдтэй байлаа. Тэдний сөрөг хүчин байх 4 жилийн дотор хэд хичнээн жирийн иргэд хэрхэн яаж хохирох бол? гэх хүмүүнлэг энэрэнгүй сэтгэл мөнхүү 25 гишүүний хэнд ч байгаагүй бололтой. УИХ-д олонхи болж ер үзээгүй байсан давжаа, дэрчгэр хэдэн банди ард түмнээс нуруунд нь итгэж үүрүүлсэн ачаа тээшийг хэрхэн яаж тээж явахаа хамсан, эвсэн бодохын оронд “олонхи дотроо оройн дээд нь би л болох ёстой” гэх “арван сараа гүйцээж төрөөгүй дутуу гарсан нялхсын боловсорч гүйцээгүй бөндгөрийн” буруу бодолд хөтлөгдөөд олдсон 4 жилээ Ерөнхий сайд тодруулах буухиа сунгаа болгосноос өөр шинэ юм, дорвитой юм бусдын хувьд бараг хийгээгүй билээ. Хүн нэрээ нэг удаа дэвшүүлэх, нэхэж бас нэг үзэхийг ойлгож болох юм. Долоон удаа дэвшүүлэх аваас “донтсон” гэхээс өөр яах билээ. Ийм үйлдэл, алхмын бүх оролцогчид, мөн нөгөө талд нь сууж асан эрхмийн зөвшилцөх чадамж, ажил хэрэгч чанар, зохистой шийдэл, шийдвэрт хөтлөн хүргэх урлагт нь “хангалтгүй” гэсэн дүн тавихаас өөр бас яалтай билээ.
 
1996-2000 оны хооронд Монголын төрийн эрхэнд шургалан байсан хоёр бүлгийн “нялхсын өвчний” нэгэн хөнөөлт гэхээр үр дагаврын тухай ярих гэсэндээ л дээрх оршлыг өгүүллээ.
Тэд зөрчил, зөрөлдөөнөө, үл ойлголцлоо “өвчилсний” улмаас өөрсдөөсөө ер эрсэнгүй. Өрөөл бусдад болохгүй бүхнийг тохон эрсээр эцэс сүүлд нь жинхэнэ үнэн шалтгааныг тэд ҮНДСЭН  хуулиас “олжээ”. Тэд хуйвалдан сүлбэлдэн байсаар үндсэн хуульд өөрчлөлт оруулав. Бас нэмэлт ч хийв. Хоёрын хоёр намын өөрсдийгөө ухаантанд тооцсон хүмүүс Үндсэн хуулийг улам их боловсронгуй болгох арга, замыг нэгэн зэрэг “бодож олжээ”. Цэцэн бус цэцийг цэвэр орхисон уу цаагуур, наагуур гохдож дэгээдсэн үү (дэгээний өгөөш нь сэтгэл алдруулсан байж ч болох), ямар ч болов нялх эрх баригч олонх болон нялзрай сөрөг хүчин хоёрын хүсэл дорхноо бүрэн биелжээ.
Нялх, нярай улстөрийн хүчнүүдийн хүсэмжилсэн нэмэлт ба өөрчлөлтүүд нь цөөн бус улс оронд урд өмнө нь хийгдээд туршигдаад буруу, алдаатай болох нь амьдралаар нотлогдсон юм гэдгийг тэд яаж ч мэдэх билээ. Тэд бүгдээрээ улс төрийн шинжлэх ухаан, үндсэн хуулийн эрх, төрийн байгууламжийн онол, практик, эрхийн философи зэргийг өнөөдрийн хувийн дээд сургуулийн түвшинд ч болов үзэж судлаагүй хүмүүс билээ. Бүдүүлэг хүмүүсийн хийж чадах өөрчлөлт бол ганцхүү эвдлэх, сүйтгэх өөрчлөлт мөн гэдэг дээ. Энэ удаа ч эл үг үнэн гэдгээ харуулжээ.
Эрхмүүдийн дээрх алдааны учир, аацааг түүхэндээ 15 дахь Үндсэн хуулиа боловсруулан, батлан мөрдөж буй Франц улсын туршлага, сургамжинд тулгуурлан тайлбарлая.
Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, дэд сайд, яамдын төрийн нарийн бичгийн даргын статусыг элдэв янз болгон өөрчилж ирсэн талаарх Францын туршлага сургамж дэлхийд хосгүй гэгддэг. Туршигдаагүй хувилбар бараг үгүй ажээ. 15 үндсэн хуулийн үйлчилж асан урт хугацааны туршид үлдсэн сургамж ч мөн тун их юм. 1958 оны Үндсэн хууль батлагдахаас өмнө Францад засгийн газрын гишүүд парламентын гишүүний бүрэн эрхийг хавсран гүйцэтгэж болдог байв. Энэ байдлыг парламентын гишүүд мөн олон жилийн туршид улайран хамгаалсаар байжээ. Гэвч эцэстээ энэ нь байж боломгүй зүйл болох нь нотлогджээ. Учир нь олон удаагийн сонгуулийн хугацааны туршид парламентын дотор гишүүдийнх нь Засгийн газрын гишүүний албыг давхар хаших гэсэн шунал, тэмүүлэл завсарлагагүй шахам буцалж, халаа солио ихсэж, Засгийн газар байнгын хямралд автаж, улмаар улстөрийн тогтворгүй байдал нийгмийг залхаах, цөхрөөх хэмжээнд хүрчээ. Энэ бүхний үндсэн шалтгаан нь парламентын гишүүд чухал гэгдэх яамдын сайдын албан тушаал руу улайран дайрах болсон гажуудал байв.
 
Эцэс сүүлдээ нэгэн сонгуулийн хугацаанд сайдын суудал нь парламентын гишүүдийн ээлжлэн эзэлдэг жижүүрийн байр шиг, албан ёсны ротаци хийгдэж буй мэт нь байнгын шахам үзэгдэл болсон байна. Сайдын ажил, үүрэг ч тэр, парламентын гишүүний ажил, үүрэг ч тэр тал талдаа цалгардаж, кабинет ч тэр, парламент ч тэр хос эрх, үүрэг бүхий гишүүддээ хариуцлага тооцох аргагүй болжээ. Яамд нь юуны өмнө судлах, төлөвлөх, санаачлах, бүтээх, шийдвэрлэх, хэрэгжүүлэх, дуусгах, хянах, тайлагнах гэх мэтийн нэн олон үүрэгтэй. Энэ бүхэн нь сайдын толгойд өөр зай үлдээдэггүй, ажлын нь цагийг бүрэн эзэлдэг. Тухайн салбар ямар замаар, хаашаа замнах, юу бүтээх, ямар үр дүнд хүрэхийг яам л мэддэг, сайд хүн цаг ямагт салбарынхаа хөтөч нь байх учиртай. Гэтэл дээр нь нийгэм, улсын хэмжээний өргөн цар хүрээ бүхий огт өөр үүргийг нэмэж ачаалах нь алдаа болох нь нотлогджээ. Яамдын үүрдэг ачаа нь байнгын дарамтыг үүддэг болохоор тамирчин байгаад сайд болсон хүн их спортоор үргэлжлүүлэн хичээллэх, эмч байгаад сайд болсон хүн олон арван өвчтөнөө үзэх, эмчлэх цаггүй, боломжгүй болдог. Энэнтэй яг адилаар хууль боловсруулах. хэлэлцэх, зүйлчлэн батлах, нийт нийгмийн хэмжээний чухал хяналт, шалгалт хийх, том том бодлого боловсруулахад оролцох үүрэг бүхий хүн сайд болсныхоо дараа дурдсан үүргүүдийг сайтар биелүүлэх цаг, боломжгүй нь мөн тодорхой юм.
Сайд хүнд өмгөөлөгчийн үүрэг гүйцэтгэн хэд хэдэн өдрөөр шүүх хуралдаанд оролцох ч боломжгүй билээ...
Амьдралаар шалгагдсан дээрх үнэнийг хуульчилж Францад 1958 оноос Засгийн газрын гишүүн цаашид парламентын гишүүний бүрэн эрхийг хавсран гүйцэтгэхгүй болсон байна. 1958 оны үндсэн хуулиар засгийн газрын гишүүн мөн “Төрийн бусад албан тушаал эрхлэх, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, улсын мэргэжлийн байгууллагын албан тушаалыг эс хавсрах” болж тогтоогджээ. Эдгээр заалтыг өнөөдөр ч гэсэн Францад парламентат ёсыг бэхжүүлсэн сайн шинэтгэл авч ирсэн заалтууд гэж үзсээр байна. Хууль тогтоох хийгээд гүйцэтгэх эрх мэдэл, үүргийг нэгэн хүнд, нэгэн субьектэд давхар өгөх нь Ерөнхийлөгчийн засаглалын үзэл санаанд ч бас харш юм.
Хууль тогтоох эрх мэдэл ба гүйцэтгэх эрх мэдлийг хольж давхардуулж болдог мэтээр үзсэн алдааг Монголын парламент даруй засах ёстой. Энэ алдааг улираан үлдээх аваас Монголын төр хяналтгүй болно. УИХ маань засгийн газрын дэргэдэх хуулийн хэлтэс болж  жижгэрнэ. Хяналтгүй төр бол ардчилсан төр биш юм. Ийм төрийн нөхцөлд олигархиуд улам даварч, дэвэрч, бүр эрэмшин танхайрч авлигыг албан ёсны шахам болгож өөгшүүлдэг байна.
 
Судлаач, профессор Д.Чулуунжав
скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?