Экспортын биет хэмжээ дорвитой өсөхгүй байна
Дэлхийн эдийн засгийн сэргэлт түүхий эдийн үнийн өсөлтөөр дамжин манай экспортын орлогод дэмжлэг үзүүлж байна. Энэ оны долоодугаар сарын байдлаар экспортын үнэ жилийн 34.6 хувиар, импортын үнэ 18.6 хувиар өсч, гадаад худалдааны нөхцөл жилийн 13.6 хувиар сайжирсан гэж Төв банкнаас мэдэгдлээ.
Тухайлбал, нүүрс, төмрийн хүдэр, газрын тосны экспортын үнийн төсөөлөл нэмэгдэн, гадаад худалдааны нөхцөл энэ онд үргэлжлэн сайжрах хүлээлттэй байна гэв. Гэхдээ гадаад эрэлт сайжирсан ч манай экспортын биет хэмжээ төдийлөн сэргэхгүй байна. Нүүрсний экспортын тээвэр сүүлийн зургаан сарын туршид удааширч, нийт экспорт эхний долоон сард хүлээлтээс багаар буюу 18.3 хувиар өслөө.
Харин дотоод эдийн засгийн идэвхжил, уул уурхайн томоохон төсөл, дэд бүтцийн бүтээн байгуулалтууд, дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ зэргээс үүдэн импорт оны эхний долоон сард 31.9 хувиар тэллээ. Ийнхүү импорт экспортоос хурдтай өссөн нөлөөгөөр урсгал тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс хоёр дахин тэлээд байна. Төлбөрийн тэнцэл урьдчилсан гүйцэтгэлээр оны эхний долоон сард 300 сая ам.долларын алдагдалтай байгаа хэдий ч Төв банк энэ онд гадаад валютын нөөц өмнөх оны түвшинд хадгалагдах хүлээлттэй байна.
Zindaa.mn
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих