📅

COVID-19: Амралтын найм хоногт 13000 халдвар нэмэгдэв

🕔 2021/07/19 09:35
Үндэсний их баяр наадам өнжсөн ч Монголчууд 10 хоног амарч зугааллаа. Уламжлалын дагуу нийслэл эзгүйрч нэг хэсэгтээ цар тахлын халдварын тархалтыг мартлаа. Гэтэл баяр наадмын амралтын өдрүүдэд халдварын тархалт, нас баралт буурсангүй. Өөрөөр хэлбэл, зөвхөн наадмын найм хоногт 12983 тохиолдол илэрч, 80 гаруй хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
24 цагт 1200-1400 халдвар нэмэгдсэнээр өчигдрийн байдлаар нийт тохиолдол 147253 боллоо. Үүнээс 130612 хүн эдгэрсэн бол 10197 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 2090 нь хүүхэд байгаа бол 553 нь жирэмсэн эхчүүд байна.
Он гарснаас хойш нийт 3.4 сая удаагийн ПСР шинжилгээ хийсэн байна.Харин сүүлийн зургадугаар сарын давалгаан дээр нийт өвчлөлийн 55 хувь нь Улаанбаатар, 45 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Халдварын давалгаа оргил үедээ байсан зургадугаар сард PCR шинжилгээнд эерэг эзлэх хувь 30 хувь, Улаанбаатар хотод 40 хувьд хүрсэн бол өнөөдрийн байдлаар 19.43 хувь болж буурчээ.
Мөн хүнд болон хүндэвтэр өвчтөний тоо буурч байгаа нь эмчилгээний зөв тактик баримталж байгаатай холбоотой. Гэвч дархлаажуулалтад хамрагдаагүй 5-11 насны хүүхдүүд халдварт өртөх нь нэмэгдсэн байна.
Монгол Улсын хувьд нийт хүн амын 4.2 хувь нь халдварт өртөөд байгаа бол дэлхийн дундаж тоо найм орчим хувь байгаа аж. Гэхдээ иргэд тайвширч болохгүй дельта вирус буюу тархалтын хурд нь 60 хувиар илүү халдварлах вирус дэлхийн 111 улсад тархаад байгаа. Баяр наадмын өдрүүдэд олуулаа уулзсан, амарч зугаалахдаа олон хүнтэй холилдсон, хөдөө орон нутагт зорчихдоо олон хүнтэй уулзсан иргэд гэртээ байж, өөрийгөө ажиглах шаардлагатай байгааг ЭМЯ-наас анхаарууллаа. Тэр тусмаа гэртээ дор хаяж долоо хоног тусгаарлалт хийх шаардлагатай. Мөн өвчин хүндэрч, эмнэлэгт хэвтэх тохиолдол өндөр байгаа тул иргэд рапид буюу түргэвчилсэн тестээр шинжилгээ өгч, өөрийгөө хянах, гадаадаас ирсэн иргэд гэртээ 14 хоног тусгаарлагдаж, мөн түргэвчилсэн тестээр хянахыг сануулав.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?