📅

Вакцин хийлгэсэн хүнд хөнгөлөлт эдлүүлье

🕔 2021/03/29 10:14
Автомашины суудлын бүрээс оёдог Б.Тэмүүжин гэх залуу өөрийн твиттер хуудаснаа “Вакцинд хамрагдсан  захиалагч нартаа тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлж, вакцинжуулалтаа дэмжинэ” хэмээн бичжээ. Энэ үг түүний нийгмийн эрүүл мэндийн төлөө оруулж буй том хувь нэмэр. Б.Тэмүүжин та бидний өмнө үүрэг хүлээгээгүй, тэр хөнгөлөлт үзүүлэх албатай биш. Гэвч тэр нийгмийн хариуцлагыг мэдэрчээ. Яг түүн шиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид вакцин хийлгэсэн хүмүүст тодорхой хэмжээний урамшуулал, хөнгөлөлт үзүүлбэл ямар вэ. Сонгуулийн үеэр саналаа өгсөн иргэнд кофе, ном гэх мэт бүтээгдэхүүн, үйлчилгээ хөнгөлөлттэй байсан шиг л. Вакцин хийлгэснээ баталж, гар утсанд ирсэн мессежээ үзүүлээд хөнгөлөлт эдэлбэл... Уг нь та бид өөрийн болоод ойр дотны хүмүүс, цаашлаад Монгол Улсынхаа нийт иргэдийн амь нас, эрүүл мэндийн төлөө хүнээр гуйлгалгүй вакциндаа хамрагдчихмаар байгаа юм. Гэвч нааш ир гэхээр цааш явдаг, сайн гэвэл муучилдаг монгол зан дархлаажуулалтын ажлыг ч тойрсонгүй. Нийгмийн эрүүл мэндийн эсрэг хорлон сүйтгэгчид цөөнгүй.
Дэлхий нийт ковид-19-өөс хамгаалах цорын ганц арга нь вакцин гэдийг хүлээн зөвшөөрч, олон улсын эрдэмтэд вакцин гаргахын төлөө хүчээ нэгтгэж байна. Монголчуудад вакцин бүтээх чадвар, чадал байхгүй ч бусдын хийсэн вакциныг муулж, миалах мунхаг ухаан хангалттай байна.
 
Вакцин хийлгэсэн нэг нь өвдөж хавдсан гэнэ, нас барсан гэнэ. Энэтхэг вакцин их өвтгөдөг гэнэ, Хятад вакцин бараг л үхүүлдэг гэнэ, Орос нь үйлчилгээ сайтай гэнэ. Бараг толгойтой бүхэн вакцин судлаач болчихсон олон нийтийн сүлжээнд дуртайгаа бичиж, мэдээлэлгүй, мэдлэггүй нэг хэсгийн тархийг угааж байна, харамсалтай. Бүгд дуу нэгтэйгээр вакцин хийлгэж, дархлаатай болчихвол та бидний ажил, амьдрал хэвийн хэмнэлтэй үргэлжилнэ. Иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахын төлөө дахин дахин хөл хорио тогтоох шаардлагагүй болно. Энгийн иргэнээс эхлээд улсын ажил, амьдрал зүй ёсоор урсана.
 
Вакцины тухай сөрөг ташаа мэдээллийг санаатай болон санамсаргүйгээр тарааж байгаа. Вакцин эсэргүүцэгчдийг ажиглагч байгууллагаас цахим орчинд тарж буй вакцины эсрэг ташаа мэдээллийн ард ердөө 12 хүн байгааг олж тогтоожээ. Фэйсбүүк орчинд өнгөрсөн хоёр сарын хугацаанд тарсан ташаа мэдээллүүдийн 73 хувийн эх сурвалж ердөө 12 хүнд холбогдсон байна.
 
Хамгийн их ташаа мэдээллийг эм үйлдвэрлэгч Жосеф Меркола тараажээ. Өөрийнх нь үйлдвэрлэсэн эм бэлдмэл тоогдоогүй учраас тэр ташаа мэдээлэл тарааж, түүнийг нь мянган мянган хүн олон нийтийн сүлжээнд цааш нь үнэн болтол нь тараасан гэсэн үг. Яг л ийм үйл явдал манай улсад ч өрнөж буй. Өвчнийг сонгуулийн өгөөш болгон ашиглаж, вакцины эсрэг улс төрийн ажиллагаа явуулж байгааг учир мэдэх хүмүүс харж байна.
 
Ингэж нэг хэсэг нь вакциныг улс төрийн зорилгоор санаатайгаар муучилж байхад нөгөө хэсэг нь үнэн худлыг дэнсэлдэггүй ухвар мөчид бодолтой. Сенсаацилж л байвал улс оронд, иргэдэд ямар үр дагавар авчрах нь хамаагүй. Бүр нөгөө хэсэг нь ямар ч зорилгогүй мэдээллийн дунд төөрөгсөд. Хамгийн харамсалтай нь энэ бүлэгт сайнаас илүү муу мэдээлэл илүү их нөлөөлдөг. Өөрөө ч мэдэхгүй нийгмийн эсрэг үзэлтэн, хорлогч болчихдог. Хамгийн харамсалтай нь ор үндэслэлгүй мэдээлэл хэн нэгний амь насны үнэтэй. Худал мэдээллийн гайгаар вакцинаас татгалзсан тэр хүн халдвар авах нь цаг хугацааны л асуудал. Харин халдвар авсан тохиолдолд эрүүл мэнд, амь насны олон асуудал яригдана.  
 
Монгол Улс чадах чинээгээрээ иргэдээ вакцинжуулж байгаа. Боломж бүрийг ашиглан, бүр хавдартай, эрхтэн шилжүүлэн суулгасан болон архаг хууч өвчтэй иргэддээ COVAX хөтөлбөрөөс хандивлаж буй 25740 тун Файзер вакциныг хийж эхэллээ. Вакцины хариу урвалд илүү өртөж болзошгүй гээд энэ бүлгийг ч орхисонгүй.
 
Гадны улс орнуудаас гуйсан, тэд бидэнд хандивласан байх нь үнэндээ улс төрийн л асуудал. Дэлхий нийтэд вакцины “дайн” болж байхад олж авч чадаж байгаа нь л чухал. Харин олоод ирсэн вакциныг хийлгэж, эрүүл мэнд, амь насаа хамгаалах нь иргэн бидний үүрэг.
 
Мэдээлэл сайтай хүмүүс “хамгийн түрүүнд олдсон вакцин бол хамгийн сайн нь” хэмээн хийлгэж байна. Тэд дэлхийн эрдэмтдийн зуун дамжин судалж, сайжруулсаар байгаа вакцин гэх “гайхамшиг”-т итгэж байгаа хэрэг. Вакцины талаар бодлоо хэлэх шаардлагагүйгээ ч мэдэж байна.
 
Үнэндээ өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалсныхаа төлөө бусдаас шан харамч авч буй мэт хөнгөлөлт эдлэх нь утгагүй хэрэг. Арга ядсан л шийдэл.
Вакцины тухай сайнаас илүү муу мэдээлэл давамгайлж, хийлгэхгүй гээд гэдийж суугаа иргэдээ дархлаажуулалтад хамруулах гэсэн гуйлгын л арга. Агаар дуслаар дамждаг халдвар тоглоом биш. Тэр тусмаа ковид дэлхийн сая сая хүн амь насаа алдаад байгаа коронавирусийн халдвар вакцинаас хойш суух өвчин биш. Таны эрүүл мэндээс би, бидний амь нас, цаашлаад Монгол Улс, дэлхийн амар амгалан хамаатай. Вакцинаас бүү хойш суу.
 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?